Бээжингийн өвлийн олимпын бэлэг тэмдэг /өлзийт амьтан/ болох "Бин Дуньдунь"-ийг худалдан авах эрэлт их байна. Цөөн хэмжээгээр бүтээгдсэн алтан шаргал "Бин Дуньдунь" интернэтд өндөр хандалт авч, борлуулалт сайтан бүтээгдэхүүний нэг болсон. Бээжингийн Өвлийн олимпын бэлэг тэмдэг болох "Бин Дуньдунь" болон өвлийн паралимпын бэлэг тэмдэг болох "Сюэ Рунрун"-ын шаазан хувилбарыг "Хятадын керамик эдлэлийн нутаг" болох Фүжянь мужийн Чуанжоугийн Дэхуа шяньд үйлдвэрлэдэг ажээ.
"Бин Дуньдунь", "Сюэ Рунрун"-ын үйлдвэрлэлийн бүх явцыг Дэхуагийн керамик мастеруудын гараар урласан гэж ойлгож болно. Бээжингийн Өвлийн олимпын бэлэг тэмдэг болох "Бин Дуньдунь" болон өвлийн паралимпын бэлэг тэмдэг болох "Сюэ Рунрун" гарч ирэхэд Дэхуа дахь керамик үйлдвэрүүд тэр даруй уг хэлбэр дүрсийн дагуу загвар хийж, чанар, үзэмжийг анхны загварт нийцүүлэхийн тулд олон арван удаа хийжээ. Шаазан эдлэл нь үйлдвэрлэлийн явцад гадаад орчны нөлөөнөөс болж амархан хагардаг. Тус хоёр өлзийт амьтныг хийх явцад толгой, хөл нь хугарах зэрэг олон бэрхшээл тулгарсан. Олон удаагийн туршилтаар "Бин Дуньдунь" болон "Сюэ Рунрун"-ын шаазан хувилбарууд нь Олимпын Хорооны шалгалтад тэнцэж, стандартчилсан үйлдвэрлэлд оржээ.
Дэхуа бол Хятадын эртний гурван шаазан үйлдвэрлэлийн хотын нэг бөгөөд Дэхуа шаазан шатаах үйлдвэрлэх ур чадвар олон мянган жилийн туршид уламжлагдан ирсэн. Дэхуа шаазан нь Сүн болон Юань гүрний үед "Далайн торгоны зам"-ын экспортын чухал бараа байсан. Өдгөө Дэхуа нь Хятад улсын хамгийн том барууны хэв маягийн шаазан эдлэлийн үйлдвэрлэл ба экспортын бааз болсон бөгөөд "Дэлхийн шаазангийн нутаг" болжээ. Тус нутгийн шаазан дэлхийн 190 гаруй улс орон, бүс нутагт худалдаалагдаж байна.
Эх сурвалж:http://www.solongonews.mn, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Цэнгэл