Грекийн нийслэл Афин дахь Панатинаико стадионд 2021 оны 10-р сарын 19-нд Бээжингийн өвлийн олимпын бамбарыг Грекийн Олимпын Хороо албан ёсоор Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороонд хүлээлгэн өгсөн байна. Грек улсын шадар сайд Панагиотис Пикрамменос, Грекийн Олимпын Хорооны дарга Спурос Капралос болон Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны төлөөлөгч, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны дэд дарга Юй Зайчин нар хамтаар тус ёслолд оролцов.
12 цагийн орчимд ёслолын үйл ажиллагаа эхэлж, уламжлал ёсоор далбааг мандуулж олимпын дуу, Хятад улсын болон Грек улсын төрийн дуулалуудыг эгшиглүүлэн Грекийн алдартай Афины филармонийн чуулга тоглолтоо толилуулжээ. Дараа нь ахлах эмэгтэй санваартны дүрд тоглосон Грекийн алдартай жүжигчин Xanthi Georgiou болон бусад эмэгтэй санваартан талбайд орж ирсэн билээ.
Гал бамбарыг төв цэнгэлдэх хүрээлэнд гурван буухиачин буухиалж, хоёр дахь буухиачнаар Хятад улсын Ли Ни-на оролцсон байна. Ли Ни-на бол Хятад улсын өвлийн спортын шилдэг тамирчны нэг бөгөөд 2006, 2010 оны өвлийн олимпын тэмцээнд оролцож байжээ.
Гал бамбарын сүүчлийн буухиаг Грек улсын гүйлтийн цанын тамирчин Параскеви Ладопоулоу буухиалжээ. Эмэгтэй санваартанууд бүжгийн үзүүлбэр хийсний дараа Грекийн Олимпын Хорооны дарга Спурос Капралос болон Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны дэд дарга Юй Зайчин тус тус илтгэл тавьсан байна.
Юй Зайчин дэд дарга илтгэлдээ Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс Грек улсын засгийн газар, Грекийн Олимпын Хороо, Грекийн ард түмэн бамбар асаах, хүлээлгэн өгсөх ёслолыг сайн зохион байгуулж, дэмжсэнд талархалаа илэрхийлэв.
Грекийн Олимпын Хорооны дарга Спурос Капралос хэлэхдээ: Хятад улс болон Грек улс хэдэн мянган жилийн нөхөрсөг харилцаа, холбоотой. Олимпын гал нь энх тайван болон найрамдлыг уламжилж буйн зэрэгцээ Грек улсаас Хятад улсыг хүндэтгэсэн хүндлэл, сайн сайхны ерөөлийг дамжуулж байна гэжээ. Ахлах эмэгтэй санваартан гал бамбарыг Грекийн Олимпын Хорооны дарга Спурос Капралост гардуулж, дараа нь Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны дэд дарга Юй Зайчинд хүлээлгэн өгчээ. Ингэснээр өвлийн олимпын бамбар хүлээлгэн өгөх ёслол амжилттай болсон юм.
Төлөвлөгөөний дагуу, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны төлөөлөгчид өвлийн олимпын бамбарыг хадгалсан дэнг 19-ны үдээс хойших нислэгээр Хятад улсад авчрах юм.
Эх сурвалж: http://www.solongonews.mn