ЦӨӨНХИЙН ГОЛ ҮҮРЭГ “ШҮГЭЛ ҮЛЭЭХ”

2022 оны 5-р сарын 17 өдөр

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА У.ДАШ

Та 37 –ийн нэг байхыг  юу гэж ойлгодог вэ?
- Хариуцлага.
-Аймгийн 37 төлөөлөгч дунд та бол ганцхан л санал шүү дээ?  
-Би гар өргөх ганцхан саналын эрхтэй ч,  80 мянган хүний төлөөлөл. 
-Яагаад 80 мянган хүн гэж, та Хэрлэн сумын зургадугаар багаас сонгогдсон төлөөлөгч, багийнхаа л иргэдийн эрх ашгийн төлөө явах ёстой биш үү?
-Уучлаарай, би арай өөр бодолтой байдаг. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэдэг нь сонгуульт дөрвөн жилийн хугацаанд ажилладаг ч орон нутгийн ирээдүйн хөгжлийн төлөө шийдвэр гаргахад хамгийн том хариуцлага хүлээдэг. Дахин сонгогдохын тулд зөвхөн өөрийн тойргийн асуудлыг ярих, аймгийнхаа нийтлэг том асуудлыг харж алсыг харсан бодлогын асуудал дээр санаачлагатай ажиллах хоёр өөр ойлголт. Орон нутгийн хуралд ч тэр, УИХ–д ч тэр зөвхөн тойрогоо бодсон хандлагаар хандаж болохгүй. Магадгүй Монголын хөгжлийн хамгийн том саад энэ байж ч мэднэ. Ер нь эрх ашгийн эрэмбэ гэдэг зүйл зөвхөн улс төрчдөд хамааралтай  юм биш. Хүн болгонд хамааралтай. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Халхгол суманд амьдарч байгаа Дорж гуайд Монгол улс , үндэстнийхээ төлөө гэсэн сэтгэл, аймаг орон нутагаа гэсэн бодол байгаатай адил, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нэг иргэнд ч яг л тийм бодол бий. Тэгэхээр хүн бүхэнд тийм нэг эрх ашгийн эрэмбэ бий. Үүнд л хаа хаанаа ултай ханддаг болчихмоор байгаа юм.
-Аймгийн ИТХ-ын Хуралдааны чөлөөт цагт юу хийж байна?
- Уншиж байна, судалж байна. Дорнод аймгийн хөгжлийн гол асуудлууд, түүнд саад болж буй хүчин зүйл, гарц шийдлийн талаар өөрийнхөө л хэмжээнд судалгаа хийж, ажиллаж байна. Та нар цөөнх юм чинь таны бодож сэдэж байгаа чинь ажил болохгүй шүү дээ гэж хэлэх хүмүүс бий л байх. 
-Уучлаарай, яг л тэгэж асуух гэж байлаа?
- Цаг хугацаа гэж байдаггүй бол хамаа алга. Гол нь нийгмийн алдагдсан боломж, алдагдсан цаг хугацаа гэдэг чинь хайран шүү дээ. Ер нь олон нийтийн төлөө ажиллана гээд улс төрийн шийдвэр гаргасан бол цаг заваа зарцуулах л үүрэгтэй. Зарим хүнийг харахад завтай үедээ төлөөлөгчийн ажлаа хийдэг, сайн дурын ажил мэт асуудалд хандах юм. Иргэдийн өмнө хүлээсэн үүргээ  “зав гарвал биелүүлнэ дээ” гэж бодож байгаа бол нийгмийн төлөө, олон нийтийн төлөө явах, шийдвэр гаргах хэрэггүй.   
-Таны амьдралд аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэдэг ажил хэдэд эрэмбэлэгдэх вэ?
-Төлөөлөгчийн ажил гэхээсээ илүү аймаг орон нутгийн хөгжлийн асуудлаар бодож санах цаг хугацаа маань дийлэнх хувьд нь л байна. Олон нийтийн төлөө, нийгмийн төлөө гээд явж байгаадаа би өөрөө дуртай байж болно. Харин гэр бүлдээ  зарцуулдаг цаг багасахаар энэ байдлыг хүлээн зөвшөөрч дасан зохицоход хугацаа шаардагддаг юм байна. Энэ бол нийгэм олон нийтийн чиглэлд ажиллаж байгаа хүмүүст тулгардаг л бэрхшээл байх.
-Одоо ямар асуудал дээр төвлөрч байна?
-Өнгөрсөн 20 жилийн тоон мэдээлэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйл, уялдаа холбоог үндэслэн ирэх 30 жилд Дорнод аймгийн хөгжлийн боломжийг хайсан судалгааны ажил дээр сууж байна. Тухайлбал, аймгийнхаа хөдөө аж ахуйн салбарыг одоогийнхоос өөр төвшинд яаж аваачих юм?,  бүс нутгийн эрчим хүчний бодлого хаашаа явж байна?, бид яаж уялдах юм, эрүүл мэндийн салбарт чанарын дэвшил яаж бий болгох вэ?, эдийн засгийн хүртээмжийг яаж нэмэгдүүлэх гэх зэрэг  Монгол улсад хэрэгжиж байгаа бодлогын хүрээнд үйл ажиллагаа, үр дүнгээ сайжруулах шийдэл хайсан судалгаа. Ерөнхий агуулгаар нь харвал Даш гэдэг хүн “Дорнод аймгийн хөгжлийн замын зураг”-ыг ингэж харжээ гэсэн утгатай юм. Өөрийн санаа бодлоо буулгачихаад  “би ингэж бодож байна та юу гэж бодож байна?” гээд иргэдтэйгээ уулзаад явна даа. Дата мэдээллээс их зүйл харагддаг. Статистик тоонуудын учир зүйн холбоос, бие биедээ яаж нөлөөлснийг олж харж дүгнэх нь чухал. Орон нутгийн хөгжилд саад болж буй бэрхшээлүүдийг хүний хүчин зүйлээс шалтгаалж байна уу? давагдашгүй хүчин зүйлээс болж байна уу? гэдгийг үнэлж олон улсад болон өөрийн улсад хэрэгжсэн сайн туршлагаас суралцаад орон нутгийн өөрийн харьцангуй давуу талд тулгуурласан шийдэл хайж байна. 
-Өнгөрсөн жилүүдийн тоон мэдээллүүдийг харж байхад анхаарал татсан юу байв?
-Сүүлийн 10 жил манай аймгийн ядуурлын төвшин улсын дунджаас  20-30 хувь илүү явж ирлээ.   Аймгуудын өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар 2021 онд Дорнод аймаг ажилгүйдэл 14 хувь буюу 21 аймгаас 20-д жагсаж байна. Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 2017 онд 21 аймгаас 4-т байсан бол 2020 онд 8-д, 2021 онд 7-д жагсаж байна. Бид шийдвэр гаргах төвшний хүмүүсийн ажлыг нэг зүйлээр л дүгнэх ёстой. Тэр нь ядуурал, ажилгүйдэл. Ядуурал, ажилгүйдлээс архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг шууд шалтгаалдаг. Энэ нь нийгэмд олон сөрөг үр дагавар дагуулдаг.  Өнгөрсөн хугацаанд оношоо тодруулж эмчлэхгүй,  гарч буй шинж тэмдгийг дарах маягаар ажиллаж иржээ. Дорнод аймаг улсын төсвийн орлого бүрдүүлдэг хэмжээгээрээ Өмнөговь, Дорнодговь, Эрдэнэт, Дархан аймгийн дараа ордог. Манай аймгийг  700 тэрбумаас нэг Их наядын эдийн засагтай гэж үзвэл үүний 60 орчим хувийг Петрочайна, Степ голд, “Шинь шинь” гэх мэтчилэн уул уурхайн хэдхэн компани бүрдүүлж байна. Гэтэл аймгийн нийт ажлын байрны 4,5-5 хувь нь эдгээр уул уурхайн компаниудад байх жишээтэй. Тиймээс бид уул уурхайгаас бусад салбар дахь нэг ажлын байрны бүтээмж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар аймагтаа цалингийн дунджийг өндөр барих хэрэгтэй байна. Орон нутагт татвар төлдөг, нэмүү өртөг бий болгодог үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг бий болгох хэрэгтэй.  Зүүн бүсийн хөгжлийн гол зангилаа нь Чойбалсан хот. Чойбалсан хотоо дагуулж дэд бүтцээ сайжруулах ёстой. Тэгж байж бид зүүн хойд Азийг холбосон худалдааны шинэ урсгалаас өгөөж хүртэнэ. Энэ боломж үеийн үед бидэнд байсан.  ОХУ-д тавьсан олон улсын хориг, Хятадын гадаад худалдааны бодлогын өөрчлөлт зэргээс харахад манай зүүн бүс, дамаа Дорнодын хувьд гадаад худалдааны илүү таатай нөхцөл бүрдэж байна. Өөр нэг асуудал бол станцын өргөтгөл хийж дуусахад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл 36 мвт-аас 86 мвт болно. Үүнийг дагаад 90 орчим гкал байсан дулааны эрчим хүч үйлдвэрлэл 100 гарна. Тэгэхээр дулааны эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Хэрэглэгчээ нэмэхийн тулд дулаан дамжуулах системээ өргөжүүлж, хэрэглэгчиддээ ойртуулах ёстой. Энэ л өнөөх гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох зорилттой маань уялдаж байгаа юм. Адуунчулууны бүлэг орд дээр төр анхаарахгүй бол байдал эвгүйтсэн. Адуунчулуун ХК 130 гаруй ажилтантай, 1300 орчим хувьцаа эзэмшигчтэй, арвин туршлагатай, фаблик компани. Тэгтэл олборлох газаргүй зогсчихлоо. Найнгийн нөөц нэг их удахгүй дуусна. Тэгвэл МАК компани нь зүүн бүсийн эрчим хүчний системийн гол түүхий эдийг барина гэсэн үг. Стратегийн орд шүү дээ. Минийхээр бол Адуунчулууны бүлэг ордын 34 -өөс доошгүй  хувьд төр оролцоотой байх ёстой. Төр гэдэг нь орон нутгийн эзэмших хувь юм. “Адуунчулуун” ХК хувьцаа нэмж гаргаад илүү олон хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг хувьцаат компани болчихвол нэмэлтээр татсан хөрөнгө оруулалтаараа техникийн шинэчлэл хийж Адуунчулууны олборлолт дээр оператор компаниар он удаан жил ажиллах нь жинхэнэ утгаараа зөв болно. Мак яахав эзэмшиж байгаа хувиасаа л ноогдол ашиг хүртэнэ биз. Хий шингэрүүлнэ гэсэн мянгуужингийн үлгэрт нь хичнээн ч жил итгэж хууртав даа бид.
- Дорнод аймагт нэн тэргүүнд шийдэх ямар асуудал байна?
-Зэвтэй ус. Хоёрт улс орны хэмжээнд явагдаж байгаа эрт оношилгооны аяны үр дүнд их зүйл харагдах ёстой гэж бодож байна. Өмнө бид эмнэлгийг зорьж очиж оношлуулсан хүмүүсийн мэдээллээр л хавдар их байна, ходоодны өвчлөл их байна гэж үздэг байсан. Одоо бүх нийтийг оношилсноор өөр сигнал гарах болов уу.  Үүний үр дүнд гарч ирсэн мэдээлэл дээр үндэслээд бид маш хурдан бодлогын хувиралт хийх шаардлагатай болно. Хот доторх болон орон нутгийн замын бүтээн байгуулалт, засвар үйлчилгээнд мэдэгдэхүйц ахицтай ажиллахгүй бол иргэдийн жаахан орлогоос шимэгч шиг л сааж байдаг эд шүү дээ.  За мэдээж хогны зөв менежмент. 
-ИТХ-ын төлөөлөгчөөс иргэд юу хүсэх ёстой вэ?
-Санаачлага. Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдэх асуудалд илүү санаачлагатай, сэтгэлтэй оролцох үүрэгтэй. Тэрнээс биш халааснаасаа мөнгө гаргаад зам тавьдаг, айлын жорлон солиод өгдөг төлөөлөгч байхгүй шүү дээ. Тийм үүрэг ч байхгүй.   
-Өнгөрсөн хугацаанд Та ямар санаачлага гаргав?
-Би гэхээсээ илүү аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг гэж ярьвал ононо. Ер нь бид Ардчилсан намыг институц хэв маягаар ажилладаг болгох гэж хичээж байна. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс л төлөөлөгчийн ажлаа хийх биш, нам бодлогын судалгааны ажил хийдэг байхыг зорьж байгаа. Тухайлбал, зэвтэй усны асуудлаар Ардчилсан нам ийм судалгаа хийлээ. Ийм шийдэл байж болох юм байна. Аймгийн ИТХ-д суугаа АН-ын төлөөлөгч та нар энийг танилцуулж ажил хэрэг болгож ажиллаарай гэдэг зарчим тогтож байна. Нам гэдэг чинь эрх мэдэл, албан тушаалд очих цүнх баригчдын хийрхэл төдий байгууллага биш, бодлогын судалгааны байгууллага байх ёстой гэдгийг гишүүд дэмжигчид одоо ойлгож хандлагын өөрчлөлт гарч байна. Аймгийн Ардчилсан нам, аймгийн ИТХ дахь АН –ын бүлэг орон нутгийн хөгжлийн асуудлаар хэд хэдэн асуудал санаачилсан. Одоогоор бид цөөнх ч зүгээр суугаагүй. Энэ удаад бидний гол үүрэг шүгэл үлээх. Бид үүргээ гүйцэтгэж орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг бодлогын төвшинд гаргаж ирж, олон нийтэд мэдээлж, эрх баригчдад шахалт үзүүлж ажилласан. Зэвтэй усны асуудлаар хоёр жилийн өмнөөс л Ч.Эрдэнэбат төлөөлөгч шүгэлдсэн. Одоо эрх баригчид Чойбалсан хотод хогны зөв менежмент хийх, бүтцээ өөрчлөх хэрэгтэй байна.  Хэрлэн сумын ИТХ дахь АН-ын бүлэг намын судалгааны багаас гаргасан саналыг үндэслэж “Чойбалсан хотын нутаг дэвсгэрт хашаа хайс барих, ашиглах, буулгах, модот зурвас байгуулах” журмыг боловсруулан хоёр удаагийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан. Өнөөдөр Чойбалсан хотод барилга баригддаггүй хэдэн арван жил болсон хог, шээс, баасаар дүүрсэн хашаанууд бий. Энэ журмыг хэрэгжүүлснээр хуулийн дагуу ашиглаагүй, барих ёстой барилга нь баригдаагүй хашаа хайс, зөвшөөрөлгүй гаражийг буулгаж газрыг нь чөлөөлж цэвэрлэдэг тогтолцоо бий болно. Хоёрт, сургууль цэцэрлэгийн ойр орчимд шовх үзүүртэй намхан хашаа, хашлага байгаа бол цэгцлэх юм. Өөр өөр хэлбэл иргэндээ болон  хүүхдэд ээлтэй байя. Өөр нэг зүйл нь хот төлөвлөлтийн бодлого, зураг төсөлдөө нийцүүлэн гудамж талбайн хаана нь мод, хаана нь зам байхыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. Чойбалсан хотын гэр хорооллууд ирээдүйд дахин төлөвлөлтөд орно. Дэд бүтэц хөгжиж орон сууцнууд бий болно. Гэр хорооллын айл өрхүүд хашааныхаа нүүрнээс дотогшоо хоёр метрийн зайд нэг эгнээ болгоод модоо тарьчихвал 30 жилийн дараа модот зурвастай болно. Айлууд хашаан дотроо хаана нь ч мод тарьж болно гээд хаа хамаагүй мод тарихаар 30 жилийн дараа тэр хавийн 4 айл зохион байгуулалтад орж орон сууц барих болбол 30 жил ургасан сүрлэг сайхан модоо булга татах хэрэг гарна. Харин одооноос эгнээ болгоод тарьчихвал тэр модот зурвасаа үгүй хийхгүйгээр ямар ч орон сууцны болон хаус хороолол барих боломжтой. Эрх бүхий хүмүүс нь хэрэгжүүлж чадвал үнэхээр ач холбогдолтой журам болсон. Хариуцлага тооцдог, нэг нь нөгөөдөө үг хэлж чадахгүй эрх ашгаараа хэлхэлдсэн байдлыг бага ч болов өөрчлөх гэж бид санаачлагатай ажиллаж байна. Хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцож, ажил сайжруулах чиглэлээр хэд хэдэн шаардлага гаргаж шахаж ажилласан. Хэрлэн сумын ИТХ-ын даргыг илэрхий хууль зөрчсөн үндэслэлээр шүүхэд өгсөн, огцруулах асуудлыг хоёр ч удаа тавьлаа. Хурлын даргаа аваад үлдсэн ч бид дахиад л асуудлыг тавина. Энэ бол албан тушаалын халаа сэлгээ биш, төрийн албанд салхи ордог болгоё л гэж байгаа юм.
-ИТХ-ын нэг үүрэг нь орон нутгийн хөгжлийн алсыг харж шийдвэр гаргах юм шиг байгаа ш тэ?
-Тийм. Дөрөв дөрвөн жилээр дараагийн сонгуульд зориулж улс төрийн шийдвэр гаргасны горыг өнөөдөр бид амсаж байна. Тухайлбал, Чойбалсан хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх асуудлыг урьд урьдын дөрвөн жилүүдэд ажилласан төлөөлөгч нар шийдэж эхэлсэн бол өнөөдрийн хүндрэл үүсэхгүй байсан. Иргэдийг төлөөлж ажиллаж байгаа хүнд байх ёстой хамгийн гол чанар алсын хараа ба санаачлага гэж би дахин дахин хэлье.  
-Төсөв байхгүй, 10 жилийн өмнө инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг эхлүүлэх боломж байсан юм уу?
-Байлгүй яах юм бэ. Чойбалсан хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажилд ойролцоогоор 30 гаран тэрбум төгрөг шаардлагатай  гэж тооцоолж байна. Арван жилийн өмнөөс буюу 2012 оноос жилд 2-2,5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан бол өлхөн шийдэгдэх асуудал байлаа. Тухайн үед 30 тэрбумын тооцоо гарах ч үгүй. Бид бугласан хатигийг дараад өвтгөж байгаа асуудал биш. Хатигны суурийг гүйцэд гаргаж цэвэрлэхгүй бол идээ цусандаа орж бохирддог аюултай. Арван жилийн өмнө алсаа харсангүй гэлээ. Та 2032 онд ямар асуудал тулгарахыг  мэдэж байгаа юм уу гэж асуул даа надаас.  
- Асууя?
-Аймгийг иймэрхүү янзтай удирдвал 10 жилийн дараа Чойбалсан хотын хөрсний бохирдол асуудал болно. 10 жилийн дараа Чойбалсан хотын нийт иргэдийн суурь өвчлөл, цусан суулга зэрэг халварт өвчин  аюулын харанга дэлдэнэ. 10 жилийн дараа тоосжилтоос болж амьсгалын замын суурь өвчлөл ихэснэ. Боловсон хүчний асуудалд анхаарахгүй бол  суурьшсан боловсон хүчнээр дутагдана. Одоо л гэхэд төрийн албанд ажиллах хүн олдохгүй, дутагдалд ороод эхэллээ.  Чойбалсан хотод социализмын үед баригдсан орон сууцнууд олон бий. Сүүлийн жилүүдэд манай бүс нутагт газар хөдлөлтийн давтамж эрс нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн байгууллагын мэдээлэл гарсан байна билээ. Үүнээс үүдээд орон сууцнуудын чанартай холбоотойгоор цууралт өгөх, нурах гэх мэт гамшигт нөхцөл байдал үүсэх магадлалтай. Тэгэхээр төмөр, бетон карказтай хүчитгэсэн хийц бүхий орон сууц барих тал дээр тал талаасаа анхаарах шаардлага байна. Хатуухан хэлэхэд силикат тоосгоноос ч чанаргүй шатаасан улаан тоосгоор 48, 64-ийн хана өрж, хучилтын хавтангаар тусгаарласан орон сууцны тоог нэмээд байх нь тийм ч сайхан зүйл биш л болов уу? Худалдан авах чадвар, үнэ ханшнаасаа болдог л байх. Гэхдээ л нийгэмд тулгарч болох аюул гэдгийг үргэлж бодлогын төвд байлгах хэрэгтэй. Нэн яаралтай Чойбалсан хотын бүх орон сууцанд гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх хэрэгтэй байна. Газар хөдлөлтийн тэдэн баллд тэсвэртэй орон сууцнууд тэд байна, тэдэн баллд өртөж болох орон сууцнууд төд гэдгийг оношлох хэрэгтэй шүү дээ.  Энийг алсын хараа гэж нэрлээд байгаа юм.
-Та Дорнод аймгийн Ардчилсан намын даргаар хэдэн он хүртэл ажиллах вэ?  
- Манай нам гишүүдээсээ асуудаг нам. Даш хүслээрээ шийдчихдэггүй юм. Хэсэг бүлэг хүмүүс хүсээд ч байх байхгүйг бас шийдэхгүй.   
-Таны орон нутаг дахь улс төрийн нэр хүнд Ардчилсан намын даргаар л хэмжигдэнэ. Намын дарга байх хугацаандаа энэ намыг ямар өнгө төрхтэй байлгах вэ?
-Олон нийтийн нийтлэг эрх ашгийн төлөө Даш юу хийв, толгойлж байгаа намдаа ямар бодлогын өөрчлөлт хийв гэдгээр таны асууж байгаа миний улс төрийн нэр хүнд хэмжигдэх байх. Олон нийт намд дандаа цүнх баригчид байдаг л гэж ойлгодог. Аа муусайн намчид гэдэг. Монголын ард түмэнд улс төрийн намыг ингэтэл нь жигшүүлсэн нь өнгөрсөн үеийн улс төрчдийн буруу.  Хойч үедээ үлдээсэн маш том гай.  Өнгөрсөн үеийн улс төрчид ийм үзэл санааны эсэргүүцлийг бий болгосон. Манай аймгийн Ардчилсан намын хувьд ч ялгаагүй. Олон ургалч үзэл санааг дээдэлсэн, ардчилсан парламенттай бүгд найрамдах улс байна гэвэл улс төрийн нам байх л болно. Огт улс төрийн намгүйгээр парламентыг бүрдүүлье л дээ.  УИХ-ыг 76 өөр мөрийн хөтөлбөртэй, 76 өөр үзэл бодолтой хүмүүсээр бүрдүүлбэл тэд юугаар эвлэлдэн нэгдэх юм. Хэний мөрийн хөтөлбөрийг илүү гэж хэрэгжүүлэх юм. Нам гэж улс төрийн бүлгэмийн ач холбогдол бодлого боловсруулдаг, иргэддээ танилцуулдаг, бодлогоороо өрсөлддөг  байх ёстой. Нам төлөөлж иргэдээс сонгогдсон хүмүүс нийтийн эрх ашгийн дээр намын эрх ашгаа, намын эрх ашгийн дээр хувийн эрх ашгаа тавьдаг болсонтой л энэ бүхнийг холбож ойлгох ёстой. Иймээс бид улс төрийн намын төлөвшлийн асуудлыг ярих ёстой. Ийм зүй ёсны шаардлагын улмаас Дорнод аймгийн Ардчилсан намыг бодлого хэлэлцдэг, бодлогоор уралддаг, мэдлэгээ харилцан солилцдог, бодлогын цөмөө тойрч улс төрд эрүүл өрсөлддөг институц болгож төлөвшүүлэхэд нэг ч гэсэн алхам ойртуулахыг л зорьж байна.

Сөрөг хүчин гэдэг шүүмжлэгч гэж бид ойлгодог. Харин түүнийхээр сөрөг хүчин гэдэг хяналт гэнэ. “Ард түмэн 2020 оны сонгуульд МАН-ын мөрийн хөтөлбөрийг АН-ынхаас илүү гэж сонгосон. МАН ялалт байгуулсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шийдвэр гаргах  ёстой. Гэтэл зарим тохиолдолд түүнийхээ эсрэг шийдвэр гаргахад нь гайхдаг. Иргэдийг цагаан цаасан дээр хараар бичсэн үг өгүүлбэрээр хуурч болохгүй. Бодлого танилцуулсан бол хэрэгжүүлдэг байх ёстой. Манай аймаг, сумын төсөв ажил хийхэд хангалттай хүрэлцэх хэмжээнд бий. Асуудлын гүн рүү орж судалгаа шинжилгээ хийх тусам энийг ингээд шийдчихэд болдог юм байна гэсэн шийдэл намайг урагш түлхдэг. Тиймээс ихэнх цагаа хөгжлийн төлөө судалгаа шинжилгээний ажилд зарцуулж байна” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. 
-Танд амжилт хүсье.

Б.ОДМАА

  • Туяа
  • 336
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313