Хайлын усан уярч, хавар хүүхэн нахис нахис гунхсаар Хөлөн-буйрт намбатайхан саатлаа. Хөхөө өвлийн хүйтэн буцаж, хөрст дэлхийн хамаг бодис амилан сэргэж, хөгжил цэцэглэлийн хөг аясаар эгшиглэнэ.
Хавар Хөлөн-буйрт сэм сэмхэн саатлаа. Уул тал, ус мөрөн, ургамал амьтдыг өхөөрдөн илэн илсээр хүрч ирлээ. Уудам хөдөө мөнгөн цагаан нөмөргөө тайлж, үүл нь уяхан, салхи нь хүртэл эерүү болжээ. Өргөн талд бэлчсэн үхэр, хонин сүрэг огторгуйд цацсан од мичид шиг үзэгдэж, тэртээ монгол гэрийн тооноос аргалын утаа суунаглаж, өвөлжин нойрссон хамаг бодис амилан сэргэлээ.
Хөлөн нуур нойроосоо сэрэн биеэ шилгээхэд үхэр чулуу мэт хэсэг хэсэг болор мөс хагаран, нарны гэрэлд шижиртэн туяарна. Эргэж ирсэн хунгийн сүрэг эх нутгийнхаа халуун элгэнд эрхлэн бүжиглэж, хэсэгтээ амарч, идэш ээрэн эгдүүтэй хөөрхөн аашлах нь аргагүй хайр бахыг татна.
Бэхээр зурсан мэт холын уулс хөхөрч, өнөтэй өвлийг давсан модод сэргэн нахиалж, голын эргийн бор бургас өнгө ялгаран үзэмжтэй сайхан. Ой дотор үе үе манан бүрхэж амьтан зургаан зүйлийг дуудан сэрээв.
Хөлөн-буйрын хавар
Хянган давааны шуугианаар
Хөлөн нуурын усан лугаа
Түмэн бодисын төлжилтөөр
Төгс байгалийн хүчин лүгээ
Хөлөн-буйрын хавар
Амь насны эхлэл билээ
Үргэлжийн төгөлдөр үзэмж билээ
Эе найрамдлын оршил билээ
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Цэнгэл, Гялбаа
Зургийн тайлбар:
• Алаг нүдний сормуус шиг дэрвээд аглаг тал дээгүүр шувууд буцлаа
• Адилхан өнгөөр уянгалан ганганаад ус бүрд амьжирлын хүчээр бялхлаа
• Хөлөн нуураас хаврын дуулал хангинана
• Хурц улаан цэцэг хурд булаалдан дэлгэрнэ
• Хөлөн-буйрт хавар саатлаа
• Өнгө нь тунамал нууртаа эрх хун бүжиглэнэ
• Хаврын эерүү салхи хамаг бодисыг дуудан сэрээнэ