САЙН ЗАСАГЛАЛЫН ИЛРЭЛ НЬ ИРГЭН, ТӨР ХОЁРЫН ХООРОНДЫН ТҮНШЛЭЛ

2024 оны 5-р сарын 7 өдөр

ДОРНОД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА М.ЭНХТӨР

-Сайн байна уу?  Та. Ажил тавтай юу?  

-Ажил тавтай. Сайхан хаваржиж байна уу?

-Энэ жил сонгуулийн жил. Танай хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаж байна. Өнгөрсөн дөрвөн жилийг эргэн харвал юу хэлэх вэ? 

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд эмхлэн байгуулагдсан Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2020 оны 10 дугаар сараас эхлэн Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-аас гарч буй аливаа шийдвэр орон нутагт өгөөжтэй, иргэдийн эрх ашигт нийцсэн байх ёстой. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, Дорнод аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Дорнод аймгийн намуудын мөрийн хөтөлбөрт тулгуурлан нам, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд олон нийтийн саналыг үндэслэн 2020-2024 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааг  хурлаар баталж хэрэгжүүлж байна. Ирээдүй, хойч үеэ бодсон бодлогын шийдвэрүүд үргэлж зөв байсан. Сумдын сургууль, цэцэрлэгийг боловсон ариун цэврийн байгууламжтой болгох, сурч хөгжих боломжийг бүрдүүлж, хүүхдийн хөгжлийг дэмжих бодлого урт хугацаандаа Монгол улсад маань үр өгөөжөө өгнө гэдэгт итгэдэг. 

 

-Таны даргалсан ИТХ хэр чадамжтай хурал байв?

- Би чадамжтай гэж хардаг, тийм ч байх ёстой. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оноос 37 төлөөлөгчтэй бүрэн эрхээ хэрэгжүүлж, асуудлыг улс төрийн өнцгөөс бус, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг дээдлэн ажиллаж байна. 37 төлөөлөгчийн тав нь эмэгтэй, МАН-аас 26, АН-аас 8, МАХН-аас 1, бие даагч 2. ИХ-ын төлөөлөгч нь засаг захиргааны нэгжийг тодорхойлох мэдлэг чадвартай, иргэдийн эрх ашгийн төлөө идэвхтэй ажиллах өндөр ёс зүйтэй хүн байх шаардлагатай. Мэдлэг боловсролтой олон ургалч үзэлтэй залуучууд, хурлын төлөөлөгчөөр дахин сонгогдсон туршлагатай иргэдийн төлөөлөл байгаа нь хэр чадамжтайг харуулж байна. УИХ-ын чуулганаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удридлагын тухай хуулийг шинэчлэн баталж 2022 оноос дагаж мөрдөхөөр болсон. Хуулинд хурлын байгууллагын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий хороод ажиллана гэж заасны дагуу энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тэргүүлэгчгүй, бодлогын хороод байгуулан ажиллаж байна. Мөн шинээр хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулдаг зөвлөл бий болсноороо онцлогтой. Аль нэг нам байхаас үл хамааран иргэдийнхээ нийтлэг эрх ашиг дээр нэгдмэл байр суурьтай, хууль эрх зүйн хүрээнд гаргалгаа гаргадаг зэрэг нь хурлаас оновчтой бодлого шийдэл гарахад нөлөөлдөг. 

 

-Таны хувьд аймгийн ИТХ-ын даргаар анх удаа, иргэний төлөөлөл болж төрийн шийдвэр гаргах төвшинд суулаа,  дүгнэвэл? 

-Даргаар анх удаа боловч Аймгийн ИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд тэргүүлэгчээр сонгогдож олон ажлыг санаачлан хэрэгжүүлж ажилласан. Жишээ нь, Хөдөөгийн сумдын сургууль, цэцэрлэг,  эрүүл мэндийн төвийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгох саналыг оруулж хэрэгжүүлсэн. Баруун аймгуудад Мобиком корпорац ХХК, Дэлхийн зөн ОУ байгууллагатай хамтран “Сумдын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах” төслийг хэрэгжүүлсэн. 

Тухайн үед миний бие төслийн багийн удирдлагуудад санал тавьж манай аймгийн гурван суманд  уг төсөл амжилттай хэрэгжсэн. Үүний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчидтэйгөө хамтран бүх сумын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгосондоо талархалтай явдаг.  Миний бие 2016-2020 оны иргэдийн Хурлын төлөөлөгч байх үед аймгийнхаа түүхийн дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалын үзэсгэлэнт газрууд мөн ашигт малтмалын ордоос бусад газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах санаачилга гарган 2018 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр хэлэлцүүлж, чиглэл бүхий 116 дугаар тогтоолыг баталсан. Үүний дагуу 13 сумын 49 байршлын 2 сая 999 мянган га орчим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад байна. 

2023 оны 7 дугаар сарын 07 -ны өдөр Бичил уурхай эрхлэхийг хориглох тухай 17/06 дугаар тогтоолыг баталж Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд даалгасан. Байгаль экологийн тэнцвэрт байдал, байгалын унаган төрхийг хадгалах, усны нөөцийг хамгаалах зорилгоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийсэн газарт үйл ажиллагаа явуулахгүй байх чиглэлийг холбогдох байгууллагуудад даалгасан. 

Өнгөрөгч 4 дүгээр сарын 11-ний  өдөр Аймгийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаан хуралдсан. 2016 онд МУ-ын ЗГ-ын 328 дугаар тогтоолоор  Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах зориулалтаар тус  сумын 500 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсныг энэ хурлаар хэсэгчлэн улсын тусгай хэрэгцээнээс гаргах асуудалд сөрөг байр суурь илэрхийлж  500 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнээс бүхэлд нь гаргахыг дэмжсэн хурлын тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлж ажиллаж байна. 

Өөрсдийн нутаг орондоо эзэн нь байх, хамгаалах нь иргэн бүрийн, төлөөлөгч бүрийн эрхэм үйл хэрэг байх ёстой. Хурлын даргын хувьд нутгийн удирдлагад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгаа чадавхжуулах зэрэг бүхий л асуудлаар гүйцэтгэх засаглалтайгаа гар нийлэн ажиллаж ирлээ. 2023 онд Иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хүсэлтээр Байгаль орчин, орчны бодлогын хорооны даргаар удирдуулсан 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж,   Дорнод аймагт Газрын тос, ашигт малтмал , хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийв.  

Мөн “Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн асуудлууд, гарц- шийдэл” сэдэвтэй ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Энэхүү ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүд нь Дорнод нутгийн минь хөгжил, нийгэм эдийн засгийн эргэлтийг сайжруулах, хөгжлийн гарц шийдлийг тодорхойлоход түлхэц болох төдийгүй орон нутгийн бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчид, хувийн хэвшил иргэдэд олон талт мэдлэгийг олгосон. Түүнчлэн үнэ цэнтэй, шинэ шилдэг санаануудыг агуулж байсан учир эрдэмтэн профессор, багш судлаачдынхаа оюуны бүтээлийг эмхэтгэн бэлдсэн байгаа. 

Нутгийн өөрөө удирдах  байгууллага бол орон нутагт иргэдийг төлөөлж ажиллаж байгаа хамгийн том байгууллага, үндсэн чиг үүрэг нь Орон нутгийн хөгжлийн бодлого, чиг хандлагыг оновчтой тодорхойлж, аймгийнхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг бүх талаар хөгжүүлж түүний ил тод нээлттэй байдлыг хангах, Хурлын хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгож үр нөлөөг дээшлүүлэх, ИТХ-ын төлөөлөгч нь сонгогчидтойгоо байнгын харилцан ажиллагаатай байж тэдний эрх ашгийг төлөөлөн илэрхийлдэг зарчмыг хэрэгжүүлэх учиртай. Энгийнээр тайлбарлавал, бид  иргэдийн дуу хоолойг бодлого шийдвэрүүддээ тусгах, зарцуулах хөрөнгө оруулалтыг хурлаар батлахаас гадна хэрэгжилтэд нь хяналт тавих, зөвлөн туслах, хуралдааны явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй явуулж иргэдийн мэдэх эрхийг хангах  юм.  Сайн засаглалтай байхын нэг илрэл нь иргэн, төр хоёрын хоорондын түншлэл гэж боддог, Сүүлийн жилүүдэд төрдөө хяналт тавьдаг, санал шүүмжлэлээ илэрхийлдэг иргэд олширсоор байгаа нь энэ нийгмийн чимэг мэт санагдаж байна. 

 

-Таны цонхоор амьдрал ямар харагддаг вэ?  

-2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Зүүн бүсийн хөгжлийн тулгуур Дулааны цахилгаан станцын өргөтгөл анхны галлагаагаа хийсэн сайхан мэдээг хүлээн авлаа. Аливаа улс орны хөгжил өрсөлдөх чадвар дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, зам тээврийн салбарын хөгжлөөр хэмжигдэнэ.  Бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал, дэд бүтцийн холболт, худалдаа хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Монгол -Орос- Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт 2016 онд гурван улс гарын үсэг зурсан. Дорнод аймаг нь ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгуудтай хиллэдэг. 

Хилийн 7 боомтоороо Зүүн хойд Ази болон ОХУ-ын Алс дорнодын бүс нутаг руу нэвтрэх газар зүйн байршлын асар их давуу талтай. Чойбалсан -Хөөт- Бичигт чиглэлийн төмөр зам болон хилийн боомтын холболт, ачаа тээврийн шилжүүлэх ачих терминал байгуулах, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хойд урд хөршийг холбох зарим бүсийн босоо тэнхлэгийг барьж худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох суурь нөхцлийг бүрдүүлж Олон улсын болон бүсийн тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг үе шаттай байгуулахаар төлөвлөөд буй нь бүсийн төдийгүй улс орны хэмжээнд хөгжлийн гол хөдөлгөгч хүч болно. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль хэрэгжиж, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтууд явагдаж байна. 2024 онд Дорнод аймагт нийт 149,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, улсдаа 5-рт бичигдлээ. Онцолбол, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто замд 187 тэрбум , Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай 50 км авто замын ажилд 84 тэрбум, Чойбалсан хотын хүн амын ундны усны шугам хоолойг шинэчлэх ажилд 33,9 тэрбүм төгрөгийг улсын төсвөөр гүйцэтгэх нь тодорхой боллоо.  Бүтээн байгуулалтын нөр их ажил өрнөж байна. Сайхан байна.

 

-Та яагаад орон нутгийн улс төрд орсон бэ? энэ онд орон нутгийн сонгуульд нэр дэвших үү? 

- 2016 онд манай Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэд бидний төлөөллөөр  ажиллаач гэсэн санал хүсэлтээ илэрхийлсэн.  Орон нутгийн сонгуульд өөрийн амьдран суугаа багаасаа нэр дэвшиж иргэдийнхээ тэр их итгэлийг хүлээн сонгогдож байлаа. Хэрэгжүүлсэн ажил, санал санаачилгыг минь үнэлсэн иргэдийнхээ саналаар дахин нэрээ дэвшүүлж өнөөдрийг хүртэл багийнхаа иргэдийн дуу хоолойг сонсож байна. Энэ оны сонгуулийн тухайд багийн иргэдийнхээ саналыг дахин сонсоно, мөн МАН-ын шийдвэрийг хүндэтгэнэ. 

 

-УИХ-ын болон орон нутгийн сонгууль ямар хугацаанд, ямар зарчмаар, явагдах вэ? Хэдэн хүн хаана хаана нэр дэвших юм. Иргэд яаж сонгуульд оролцох юм гээд Сонгуулийн хуулийн тухай ойлголт мэдээллийг иргэдэд өгье? 

-2024 оны сонгууль их онцлог өрнөх нь. Монгол улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй, УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх” аргаар сонгоно хэмээн тусгасан.  Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутагт 7 тойрог, Улаанбаатар хотын хувьд 6 тойрог гээд нийт 13 тойрогтой байхаар хуульчилсан байна. Зүүн бүсийн хил залгаа 3 аймаг буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар 6 дугаар тойрог гэсэн үг. Энгийнээр хэлбэл сонгуулийн тойрог томсож, ах дүү гурван аймаг хөгжлийн бодлогоо цогцоор тодорхойлох , нэг зүгт харах томоохон өөрчлөлтийн боломж нээгдэж байна. 2012 онд  28 гишүүнийг хувь тэнцүүлсэн, 48 гишүүнийг олонхийн тогтолцоогоор олон мандаттай томсгосон тойргоос сонгосон. Энэ жил 2012 оныхоос ялгаатай нь гишүүдийн тоо нэмэгдсэн, тойргийг анх удаа бүсчилсэн байдлаар тогтоосон нь онцлог гэж дүгнэж болно. 

 

-Та ямар мэргэжилтэй вэ? өнгөрсөн амьдралынхаа хугацаанд өөртөө ямар туршлага хуримтлуулсан хүн бэ? 

- Би Эрхзүйч мэргэжилтэй. Хүн ер нь амьдралынхаа туршид суралцсаар, туршлага хуримтлуулсаар,  хөгжсөөр байдаг. Бага насны хичээл зүтгэл амьдралыг харах өнцгийг өөрчилж, өнөөдрийн намайг бүтээсэн гэж би үздэг. Зургадугаар ангиа төгсөх зун одоогийн Өргөө дэлгүүрт ачигч хийж, хөдөлмөрийн үр шимийг ойлгосон бяцхан хүү дараа жил нь буюу 7 дугаар ангидаа хоолны газар “хоккейчин” хийж байлаа. /инээв/  Цалин авна, хичээлийн хэрэглэл, бусад хэрэгтэй зүйлээ худалдан аваад үлдсэнийг нь эцэг эхдээ өгөөд их жаргалтай. Тодхон санаж байна, 8 дугаар ангиа төгсөөд Хавирга өртөөний, Хавиргын тариа ангийн бригадад ажиллаж байв. Сургуулиа төгсөөд Орон нутагтаа бизнес эхлүүлж амжилттай ажиллаж Дорнод аймгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан. Одоо орон нутгийнхаа улс төрийн талбарт бодлогоороо өрсөлдөж, суралцаж, туршлага хуримтлуулсаар явна. 

 

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа, Танд амжилт хүсье.

Танай сонины редакцын хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. 20 жилийн турш орон нутгийн түүхийг тэмдэглэн үлдээхэд бүхнээ зориулж буй танай хамт олонд талархал илэрхийлье. Оюуны ажилд нь өндөр амжилт хүсье. 

  • Туяа
  • 48
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313