ГОРИЛОГЧДЫН ТУХАЙД...

2024 оны 4-р сарын 26 өдөр

Шил шилээ дарсан олон баярын ард гарч, амьсгаа авахтай зэрэгцээд юу юугүй сонгууль хаяанд тулаад ирлээ. Ирэх сонгуульд горилогчид эхнээсээ тодорч, зарим нь илүү тод анзаарагдаж байх шиг. Үг, үйлдэл, харьцаа хандлага гээд...тэднийг таамаглах нь тийм ч хүндрэлтэй биш. Олон баяраас анзаарагдсан нь гэвэл, Болорчулуун гишүүн оны өмнөөс баяр алгасалгүй нутагтаа ирж, яам, төрийн шагналыг ёстой л гарын салаагаар урсгалаа. Шагнал үнэ цэнээ алдлаа гэх. Эрх мэдэлтнүүд өөрсдөө өгөхөө л хямгадчихвал асуудал цэгцэрчихмээр ч юм шиг. За энэ ч яахав. МАН-аас яригдаж байгаа дараагийн хүн бол аймгийн Засаг дарга Бадамсүрэн. Түүнийг Их хуралд нэр дэвшинэ гэж олон нийт таамаглаж байна. Үгүйсгэх аргагүй л юм. Аймаг орныг арав шахам жил толгойлж, ажил үйлсээрээ тэргүүлэгч аймгуудын эгнээнд хүргэж чадсан. Тийм болохоор залуу хүний хувьд илүү холыг харж зорьж тэмүүлж байж мэднэ. Сошиал дахь олны хандлага, үнэлэлт дүгнэлт ч эерэг талдаа юм билээ. МАН-ын горилогчдын тухайд нэг иймэрхүү. Гэхдээ сахилга өндөр энэ нам намынхаа хурлаас нэр дэвшигчдээ тодруулж, эрхийг нь өгснөөр эцэслэгдэнэ.

Харин АН-ын тухайд Их хуралд үзэх хамгийн магадлал өндөр хүнээр намын дарга Даш яригддаг ч ойрын хүмүүсийн амнаас их хуралд үгүй байх, харин аймагт санаатай юм биш үү гэх. Өнгөрсөн жилүүдэд мань хүн аймгийн бүх л сумаар тойрч, иргэд олонтойгоо уулзсан. Ойрын өдрүүдэд аймгийн төвийн албан байгууллагуудаар орж гарсан шиг яваад л байна.  Энэ намаас горилж байгаа нэг хүн бол Шинэбаярын Бямбасүрэн. Аймгийн хурлын хамгийн залуу төлөөлөгч гэгддэг түүний тухайд энэ удаад нэр дэвшиж, олонд танигдах зорилготой гэж чих дэлссэн. Юутай ч АН-аас Улсын их хуралд нэр дэвшигчдийн дунд түүний нэр байна. Мөн Эрхэмбаатарын Төмөрбаатар гэх энэ залуу горилогчдод багтаж. Хувийн бизнес эрхэлж томоохон компанитай, бас мөнгөтэй гэж үеийнхэн дундаа яригддаг энэ хоёр залуу өөрсдийн нэрээр сан байгуулж, нийтийн сайн сайхны үйлсэд зориулахаар эхний алхамуудаа хийгээд эхэлсэн дуулдана. Ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрийн санал аваад явж ч байх шиг. 

Үндэсний эвсэл УИХ-д нэр дэвшүүлэх нь дэвшүүлнэ лав л 7 биш гэх юм билээ. Манай аймагт ХҮН болон бусад намаас одоогоор сураг таамаг алга, бараг л үгүй болов уу. Энэ жилийн Их хурлын сонгууль онцлог. Томсгосон тойрог буюу бүсчилсэн хэлбэрээр явагдана. Бас дээр нь сурталчилгааны хугацаа тун богино. Тийм болохоор олонд нэр, зүс танигдаагүй хүний тухайд санахын ч гарз. “Дорнод” сонин эхний удаад олны таамгаар горилогчдыг зах зухаас нь нэрлэлээ. Дараа дараагийн дугаартаа илүү баттай эх сурвалжтай мэдээллийг уншигчдадаа хүргэхийг зорино. Энэ бол бидний үүрэг. Дашрамд дуулгахад Зүүн гурван аймгийн сонины редакциуд хамтран илүү өргөн хүрээнд ажиллаж эхэлснээ дуулгая. 

 

 

ТОМСГОСОН ТОЙРОГТ  СҮХБААТАРААС ГОРИЛОГЧИД ХЭН БЭ?

УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилж, томсгосон тойргоор явуулах болсон нь сонгуулийн өнгө ямар байх талаарх олон таамгийг ургуулаад буй. Сонгуульд нэр дэвших горилогчид гурван жилийн турш усалж, тордож, эргэж тойрч байсан тойргоосоо хамаагүй хальж тэлсэн газар нутагт сурталчилгаа явуулахаар болж байна. Ганц Хэнтийг эргэж тойрч байсан нөхөр одоо Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт өөрийгөө таниулахаар мордох хэрэгтэй болох нь. Эхнээсээ зарим нь явж үзээгүй газар, уулзаж учраагүй хүмүүс рүүгээ илүүтэй хүч тавин өөрийгөө таниулах ажилдаа хэдүйн орсон дуулдана. Сар шинийн баяраар улс, аймаг, сумын аварга малчин, тэргүүний тариаланч болсон айл өрх, хувь хүнд шагнал гардуулах нэрийдлээр Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн цуваа хэсэг үргэлжилсэн. Нэг намын нэр дэвшигчид ч өөр хоорондоо өрсөлдөх нь зүй. Шинэ хүн танигдахаас эхлээд бэл бэнчингийн асуудал яригдах болохоор мөнөөх л МАН, АН гэсэн хоёр намын төлөөлөл УИХ-д түлхүү орж ирэх нь гарцаагүй. АН-ын тухайд дотроо эвээ ололцохгүй бол МАН урьдын адил олонхи болох магадлал өндөр. Бүсчилж томсгосон тойргийн хүрээнд өрнөх сонгуулийн үйл явц өнөөхөндөө алсхан байгаа ч энэ удаад бид  иргэд олон нийтийн зүгээс таамаг тавьж буй СҮХБААТАРЫН  ГОРИЛОГЧДЫГ онцлон хүргэж байна. 

 

 

МАН-ААС 

1. Ухнаагийн Отгонбаяр - Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх 

2. Жалбасүрэнгийн Бат-Эрдэнэ - дэд сайд асан 

3. Хангайгийн Алтай - Сангийн сайдын зөвлөх

АН-ААС 

1. Жамбын Батсуурь – УИХ-ын гишүүн 

2. Наянтайн Ганибал - УИХ-ын гишүүн 

3. Манлайбаатарын Идэрбат - Аймгийн Засаг дарга

 

ТОМСГОСОН ТОЙРОГТ  ХЭНТИЙГЭЭС ГОРИЛОГЧИД ХЭН БЭ?

 

  Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар 2024 оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентад 126 гишүүн сонгохоор хуульчлагдсан. Ингэхдээ 48 гишүүн нь намд өгсөн саналаар сонгогдох бол 78 гишүүн нь тойргоо төлөөлж сонгогдоно. УИХ-ын сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдөхөөс эхлээд ирэх зургаадугаар сарын 28 хүртэл үргэлжлэх процесс өрнөсөөр буй. 

УИХ-ын 2024 оны сонгуулийн бүсчилсэн том тойргийн зургаадугаарт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд багтаж байна. Тус тойргоос нийт 7 гишүүн сонгогдож парламентад сууна.  Яг энэ үед иргэд олон нийтийн дунд томсгосон тойрогт  хэн хэн горилож буй талаар хэдүйн яриа хөөрөө өрнөөд эхэлжээ. Энэ удаад бид  иргэд олон нийтийн дунд хамгийн их яригдаж, нэр дэвших болов уу хэмээн таамаг тавьж буй Хэнтийн горилогчдыг онцлон хүргэж байна. Бид цувралын дараагийн дугаарт горилогчдын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг  хүргэнэ.       

 

МАН-ААС Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 

МАН-аас УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат 

МАН-аас УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

МАН-аас ХХААХҮ-ийн дэд сайд Мөнгөнцогийн Ганхүлэг 

 

МАН-аас Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун 

МАН-аас Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 

АН-аас Ардчилсан намын Дэд дарга Төрмөнхийн Пүрэвхатан  

АН-аас Хэнтий аймгийн Улаанбаатар  хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Шагдарын Батдэлгэр 

АН-аас АЭХ-ны дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн Энхбаярын Цэцэгсайхан 

АН-аас Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Дэмбэрэлваанчигийн Балдан

ХҮН НАМААС 

ХҮН намаас Хэнтий аймгийн ХҮН намын хорооны дарга, “Номадик контент” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баярбилэг

 

 

  • Туяа
  • 81
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313