МОНГОЛ УЛСЫН МАХНЫ ЭКСПОРТЫГ ТОДОРХОЙЛОГЧ ГОЛ КОМПАНИУДЫН НЭГ БОЛНО

2024 оны 4-р сарын 25 өдөр

М.Бас-Эрдэнэ буюу Дамбий багаасаа бизнест хөл тавьсан. Шүр захын үүднээс аймгийн ИТХ-д суусан анхдагчдын нэг. Тэрээр өнөөдөр Монгол орны Зүүн бүс  Дорнодод, Төвийн бүс Багануурт, Баруун бүс Баян-Өлгий аймагт үйлдвэрлэл технологийн парк байгуулах алс хэтийн ажлыг эхлүүлээд байна. Залуу хүн ч гэлээ чамгүй туршлагатай тэр юунд зорьж, зүтгэж яваа тухай нь ярилцсанаа уншигч Танд хүргэе. 

-Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу? Хөдөө аж ахуй мал аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхэлж байгаа дуулдсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцах уу?  

-Сайн байна уу? Ярилцлагад урьсанд баярлалаа. Ярих юм их л байна.  Би нэг ажлаа дуусаагүй байж, дараагийн ажлаа эхлүүлчихдэг муу талтай. Үүний сайн нь гэвэл эрч хүчтэй байхдаа л хийхгүй бол арав хорин жилийн дараа хийнэ гэж хойшлуулаад яахав дээ гэж боддог хүн.  Хөдөө аж ахуй тэр дундаа махны салбарт бага залуугаасаа ажилласан. 10 жилийн сургууль төгсөхөд үеийн хүүхдүүд ихэнх нь л их, дээд сургуулийн оюутан болоод явцгаасан. Би ч тухайн үедээ амьдралын боломжгүйгээс сургууль соёлын мөр хөөгөөгүй. Тэр үед л “Махын Жанлав”, “Гурилын Болорчулуун” шиг бизнесмэн болно оо гээд найзууддаа ярьдаг байлаа. Магадгүй сэтгэл доторхи хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэхээр зорьж Махкомбинатыг худалдан авч үйл ажиллагааг нь сэргээн тогтворжуулж дотоод, гадаадын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үйлдвэр боллоо. Монголын хоёрдахь том махны үйлдвэр болох Махкомбинат маань удаан хугацаагаар ажиллахгүй байгаад сэтгэл эмзэглэдэг байсан.

-Танай компани хувьцаат компани уу? Бидэнд нэг малчин, нэг хувьцаа эзэмшигч бүр үнэ цэнэтэй гэх. Энэ ямар учиртай вэ?  

-Би ганцаараа бүхнийг хийж чадахгүй, бид олуулаа бүр ихийг хийнэ. Монголчууд нэгдэж нийлж юу хийж чаддаг гэдгийг харуулахыг зорьж байна. “Дорнод мах маркет” ХХК Зүүн бүсийн иргэдэд зориулж хаалттай хувьцаа гаргасан. Хувьцааныхаа 30 хувийг давуу эрхийн хувьцаа болгон Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн иргэд, малчдадаа нэгж хувьцааг 1,000₮ -ийн үнээр санал болгож байна. Нийт 8,276,486 ширхэг давуу эрхийн хувьцаа бий. Хувьцаа эзэмшигч л бол бидний хамтрагч. Монголд хувьцааны бизнест жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг маш их орхигддог. Хэрвээ компани ашиггүй ажиллавал хувь эзэмшигчид ногдол ашиг авахгүй, малчид малаа өгөхгүй, үйлдвэр унана ш дээ. Тэгэхээр бидэнд нэг малчин, нэг хувьцаа эзэмшигч үнэтэй. “Дорнод мах маркет” ХХК зөвхөн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн малчдад зориулсан хувьцаа гаргаж байгаа юм. Бид 8 тэрбумын хувьцаа гаргасан. Энэ бидэнд их мөнгө боловч магадгүй нэг Хятад л ганц хаусны мөнгөөр 5 тэрбумын хувьцаа авчихвал малчидтай хамтарч ажиллах зорилго маань бүтэхгүй болно. Тиймээс зөвхөн Зүүн бүсийнхэндээ зориулж хувьцаа гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Онлайнаар л гэхэд Ж,Л,С регистерийн дугаартай хүмүүс худалдаж авах боломжтой. Нэг хүн хамгийн багадаа 100 мянган төгрөг, ихдээ 50 сая төгрөгийн хувьцаа авах боломжтой. 100 мянган төгрөгийн хувьцаа авсан хүн ч  компанийн үйл ажиллагаанд оролцож, компани сайн яваасай л гэж бодно. Хамтдаа компаниа босголцож 100 мянган төгрөгийн хувьцаа нь 200, 400 мянга, 10 саяын хувьцаа 30 сая төгрөг болгохын төлөө бид ажиллах болно. 

-Манай улсад ийм бизнесийн жишээ бий юу?

-Манай улсад хөдөлмөр, хөрөнгөөрөө хамтарч ажилласан жишээ цөөхөн. Энэ өөрөө шинэ тутмын компанийн засаглал л даа. Тухайлбал цаашдаа компанийн үйл ажиллагаа жигдэрч засаглал сайжраад ирвэл би 51 хувийн хувьцаа эзэмшигч байх албагүй. Малчид  маань нийлээд 70 ,80 хувийн хувьцаатай болчихсон байх ч боломжтой. Өөрөөр хэлбэл малчин та үйлдвэрлэгч болно гэсэн үг. Малчид малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн хүртдэг, эдийн засгийн өгөөжийг шууд гар дээрээ авдаг л болно. Монгол малын мах ченжийн гараар дамжихгүй, малчин өөрөө үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэнэ. Жар, далан мянган малчин шууд нэгдэж чадахгүй. “Дорнод мах маркет” ХХК малчдын нийлж нэгдэх суурийг тавилаа.  Бид дараагийн үйлдвэрлэл технологийн паркыг төвийн болон баруун бүсэд байгуулж байна. Энэ жил төвийн болон баруун бүсийн үйлдвэрүүд ашиглалтад орно. Зүүн бүсийн үйлдвэр ирээдүйд хийгдэх ажлын сайн жишээ болох ёстой. Магадгүй бид жилийн дараа төвийн болон баруун бүсийн малчдад хувьцаа гаргахыг хичээх болно.  Бид үнэхээр иргэд, малчиддаа үр өгөөжтэй байлгаж чадвал Монголын нийт малчдын 30-40 хувийг нэгтгэж чадна.  Хэрэглэгчид ч эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэнэ.

-Танай махны үйлдвэр ямар хүчин чадалтай вэ?

-Социализмын үед баригдсан манай Махкомбинат Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгаас махаа бэлддэг, жилдээ 230 мянган толгой мал нядалж экспортлодог, малын эвэр туурайг хүртэл бүтээгдэхүүн болгодог, хүчин чадлаараа улсдаа хоёрт ордог том үйлдвэр байсан. Одоо өмнөх хүчин чадлаасаа ч илүү ажиллах бүрэн боломжтой. Мах яриад байхаар дан ганц махны үйлдвэр байх нь гэж ойлгож магадгүй. Бид Зүүн бүсийн хувийн үйлдвэр технологийн паркыг санаачлан ажиллаж байна. Зүүн бүсэд Үйлдвэр технологийн парк байгуулах тухай Монгол улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яамны бодлогод тусгагдсан. Манай улсад 20 гаруй үйлдвэр технологийн парк тусгай зөвшөөрөл авснаас нэг нь ч үйл ажиллагаа явуулдаггүй. Монгол улсад амжилттай хэрэгжсэн анхны хөнгөн үйлдвэрлэл технологийн паркыг бид байгуулна. Манайх дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, өмнөх боломжиндоо тулгуурлан 100 хувь өөрийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн парк байгуулахыг зорьж байна. Үйлдвэр технологийн парк бий болсноор хамгийн багадаа 20 гаруй үйлдвэр, 1000 гаруй ажлын байр бий болно. Бид малын яс, тосноос эхлээд малын гаралтай бүх төрлийн түүхий эдийг  боловсруулна.  Гэхдээ би бүгдийг хийхгүй бидэнтэй хамтрах ажиллахыг сонирхсон хүн бүхэнд нээлттэй шүү. Ноос ноолуур угаах, самнах үйлдвэр ашиглалтад орсноор 200-300 эмэгтэйчүүдийн ажлын байр бий болно.  Манай махны үйлдвэрт оргил ачааллын үе буюу нядалгааны үед эрэгтэйчүүд 5 сая хүртэлх төгрөгийн цалин авдаг бол эмэгтэй ажилчдын цалин 2 сая төгрөг байдаг.  Ноос ноолуур угаах, самнах үйлдвэр ашиглалтад орсноор дээрх цалингийн харьцаа хүртэл ойртож ирнэ. Мөн бидэнтэй хамтарч нэрийн дэлгүүрээ оруулах, малын эмийн сангаас эм, эмийн бэлдмэл нийлүүлэх, малчдад зориулан автомашин, мотоцикль, жижиг оврын трактор, хадлангийн тоног төхөөрөмж  угсарах үйлдвэрүүд байгуулах малчид хувьцаа эзэмшигчдэд маань хөнгөлөлттэй үнээр худалдаалах санал ирж байна.  Буйр нуурын загасны нөөцийг түшиглэн загас консеревлах үйлдвэрийг Зүүн бүсийн үйлдвэр технологийн паркыг түшиглэн байгуулая гэж бизнес эрхлэгчид маань  яриж байна. Энэ бүх ажлыг би ганцаараа хийж чадахгүй. Хамтдаа бид хийж чадна. Энэ салбарт бид 100 үйлдвэр ч байгуулах боломж бий.

-Мал аж ахуй бол Монголын баялаг. Энэ баялгаа яаж үнэд оруулах вэ? гэдэг чухал. Одоо малын махнаас бусад нь үнэгүйдсэн. Яаж Монгол малыг хаягдалгүй болгох вэ?

-Манайд үйлдвэрлэл л хэрэгтэй. Үйлдвэрлэлийн салбар бусад салбараас ялгаатай нь маш олон ажлын байр, үндэсний баялаг бий болгодог. Үйлдвэрлэл технологийн парк байгуулагдахад хэдэн 1000 ажлын байр шинээр бий болно, 20000-30000 хүний амьдралд нөлөө үзүүлнэ.  Өнгөрсөн жил манай компани Зүүн бүсээс анх удаа  булангийн улсууд руу онгоцоор экспорт хийлээ. Иран, Ирак, Үзбекстан зэрэг улсуудруу автомашинаар тогтмол экспорт хийж байна. Манай улсын экспортлож байгаа махны 85 хувь БНХАУ руу, 15 хувь нь л Булангийн орнууд болон бусад улсууд руу экспортлогддог.  Дан ганц манай орон Хятадад мах экспортлодог юм биш. Бразил, Уругвай, Австрали, Шинэ Зеланд улс БНХАУ-д мах экспортлодог. Хажуухандаа байгаа энэ том зах зээлийг бид ашиглах хэрэгтэй шд. Хэн нэг нь “мөс хагалах” ёстой. Монголын байнгын ажиллагаатай 3 агаарын боомтын нэг нь манай аймагт байхад бид махаа экспортлохын тулд эндээс ачиж яваад Улаанбаатарт очиж онгоцонд ачдаг. Өнгөрсөн оны 5-р сараас Дорнодын нисэх онгоцны буудлаас сар бүр 10 онгоц Арабын орнууд руу нислэг үйлдэе гэж хөлөө хүрэх газраа хөөцөлдсөн, болсонгүй. Манай онгоцны буудалд ачааны нисэх онгоц буухын тулд 4С ангилалд байх ёстой. Гэтэл Чойбалсан нисэх онгоцны буудлын ангиллыг нь бууруулж 3с ангилалтай болгосон.  Өнгөрсөн жил хоёр ч удаа 4С ангилал болгох гээд концес зарласан боловч амжилтгүй болсон. Бид Чойбалсан нисэх онгоцны буудлын зурвас шинэчлэгдээсэй л гэж хүлээж байна. Хэрвээ Дорнодын нисэх онгоцны буудал байнгын ажиллагаатай болбол Арабын орнууд, Малайз, Япон зэрэгруу сэврээсэн шинэ мах экспортлох боломж байна. Мөн махаа экспортолж байгаа орнуудаас хямд үнэтэй чанартай барааг шууд импортлох боломж хувьцаа эзэмшигч хэн бүхэн нээлттэй болно гэсэн үг. 

-Монголын махны салбарын хөрөнгө оруулагчид нь Хятад хүмүүс байдаг. Танай компанийг ч гэсэн Хятадын хөрөнгө оруулалттай юм биш биз гэж харж л байгаа байх?

-Би бизнесийн салбарт 30 шахам жил ажиллалаа. Би нэгийг хийж чадвал дараагийнхийг нь хийх гэж зүтгэдэг хүн. Үйлдвэрлэл технологийн парк бий болгохын тулд маш олон хүнтэй уулзаж мэдээлэл солилцлоо. Үйлдвэрлэл технологийн парк байгуулчихвал би ганцаараа хагартлаа баяжих юм шиг ойлгож байгаа хүмүүс бий. Мөн үйлдвэр технологийн парк гэж юуг хэлж байгааг ч ойлгохгүй хүмүүс бий.  Үйлдвэрлэл технологийн паркын үр шимийг Дорнодчууд, Зүүн бүсийнхэн хүртэнэ. Би ганцаараа хөлжихийг хүссэн бол өөрөө үйлдвэрлэлээ эрхлээд өөрөө ашгаа хүртээд явах байсан. Яах гэж хувьцаа гаргаад малчид, олон нийттэй хамтрах юм бэ?. “Дорнод мах маркет” ХХК 10 хоногийн өмнө ганцхан хувьцаа эзэмшигчтэй байсан бол өнөөдрийн байдлаар 500 -аад хувьцаа эзэмшигчтэй боллоо. Энэ жилдээ багтаж 10,000-20,000 хувьцаа эзэмшигчтэй болно. Зүүн бүсийн малчид, иргэд маань хамтарч нэгдсэнээр юу хийж чаддагийг харуулах нь бидний гол зорилго. Гаднын орны нэг худалдан авагч надаас “Танай компани хэдэн хувьцаа эзэмшигчтэй вэ гэж асуувал би Монгол улсын Зүүн бүсийн бүх малчид манай хувьцаа эзэмшигч. - Танай компани хэдэн малтай вэ? гэвэл -Манай компанийн хувьцаа эзэмшигч малчид 10 сая толгой малтай” гэж хариулна гэж мөрөөддөг юм. Дэлхийн 200 гаруй улсын хэд нь 10 сая малтай вэ? нэг сая малгүй улс хэд вэ? гэж бодохоор бид нэгдэж нийлж л чадвал дэлхийн зах зээлд том тоглогч болно. Бид аль нэг улсын зах зээлд гол тоглогч болохыг хүсэж байна. Зүүн бүсийн үйлдвэр технологийн паркын ажлыг эхлүүлэхэд “Махкомбинатыг нураах нь уу? хашаанд нь өөр барилга барих гэж байгаа юм биш биз”, “Хятадууд Махкомбинатыг авчихлаа” гэхчлэн элдэв яриа гарч итгэхгүй байсан. Цасан бөмбөг өнхрөх тусмаа томордог шиг манай үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжиж түүнийг дагаад энэ салбарыг сонирхох хүн ч ихсэж байна. Энэ салбарт зарим нь өрсөлдөгч гэж хардаг. Бид өрсөлдөгч биш. Бид дов жалгандаа ч юмуу, Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэж өрсөлдөхгүй, Баруун, Зүүн бүс гэж өрсөлдөхгүй. Монгол малын махыг яаж Австрали, Шинэ Зеландтай өрсөлдүүлэх вэ? гэдэг бидний мөрөөдөл. Бидэнтэй хамтарч чадсан нь том зах зээлийн гол тоглогч болох алхмаа эхэлж байна гэсэн үг. Бидний хамгийн ойрын төлөвлөгөө Казакстан Иран улсуудад салбараа нээх. Энэ жил хүнд өвлийг тууллаа. Манай компаниас “Малчиндаа амар” үйлчилгээг нэвтрүүлж малчны хотноос өөрийн том оврын тээврийн хэрэгслээр очиж  мал мах авч байсан. Мөн малчдад бэлчээр сэлгэхэд нь том оврын техникээр тусалж байлаа. Цаашид бид зөвхөн хувьцаа эзэмшигчид рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Манай хувьцаа эзэмшигчид өвөлжилт хүндэрсэн үед хэрэглэх малын тэжээл тариалах, хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, малаа эрүүлжүүлэхээс эхлээд бүх асуудлуудаа хамтын хүчээр шийдэж, амжилттай даван туулдаг болно.

-Зүүн бүсийн үйлдвэрлэл технологийн паркад ямар хөрөнгө оруулалтууд хийгдэх вэ?

-Малаас хаях юм байхгүй гэдэг. Гэтэл махнаас бүсад нь ашигггүй болохоор хүмүүс эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Би “Дорнод мах маркет” ХХК –ийхаа буюу өөрийн хувьцаагаа зарсан орлогоос тодорхой хувийг  хэн нэгний ашигггүй гээд орж чадахгүй байгаа үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал хувьцаанаас орж ирсэн мөнгөний 20-30 хувийг  малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад зарцуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн жил бид өдөр бүр хоёр ачааны машин малын дайврыг хогийн цэгт хаяж байсан. 

Халхгол үндэсний бүтээн байгуулалтад бид оролцоно. Халхгол үндэсний бүтээн байгуулалтад 10 мянган үхэртэй хамгаалагдсан аж ахуй байгуулахыг сумын иргэд эсэргүүцэж байна.  Сумын иргэдэд үр өгөөжгүй бол эсэргүүцэх нь зөв. “Азарга адуугаа алдсан  ч унах морьтойгоо үлдэнэ” гэдэг шиг орон нутгийн иргэд нэгдэж  Халхгол үндэсний бүтээн байгуулалтад оролцох ёстой.  Манай компани Халхгол үндэсний бүтээн байгуулалтад шалгарсан тохиолдолд 10 мянган үхрийн 30-40 хувьд нутгийн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа малчдыг оролцуулна. Үлдсэн 7 мянган үхрийг хувьцаа эзэмшигчдийнхээ дунд “Нэг малчин нэг үхэр” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж хамтран экспортод гаргаж үхрийнхээ үүлдэр угсааг нь сайжруулна.  Бид БНХАУ, Франц улсаас махны чиглэлийн үхрийн үүлдрийг сайжруулахаар төлөвлөж байна. Халхгол үндэсний бүтээн байгуулалтад малчид оролцсоноор сумын иргэд зөвхөн нэг удаагийн экспортоор 2-3 тэрбум төгрөг олох боломжтой.  Бид Дорнодын, Зүүн бүсийн малчдыг нэгтгэж,  Халхгол сумын малчдаа оролцуулж экспорт хийвэл хамгийн багадаа жилд 10 тэрбум төгрөг Халхгол суманд үлдэх боломжтой.  Бид Халхгол үндэсний бүтээн байгуулалтад оролцож, гадаад, дотоодын зах зээлийн гол тоглогч болох боломж бий. Монгол улсын махны экспортыг Зүүн бүс, Дорнод аймаг тэр дундаа бид тодорхойлно гэдэгт итгэлтэй байна.  Яагаад ийм итгэлтэй байна гэхээр би ганцаараа хийхгүй, бид хийх учраас. Малын таваарлаг чанар, бэлчээрийн даац, байгаль цаг агаарын таатай нөхцөл гээд махны экспортыг жилийн 4 улиралд хийх боломж Зүүн бүсэд маань л байдаг. Экспортын зориулалттай үйлдвэр гэдэг нь үйлдвэрийн аргаар малыг нядалж худалдаалахыг л хэлж байгаа юм.  Ихэнх аймгуудад 8,9,10,11-р сард экспортын зориулалттай үйлдвэр явагддаг.  Манай улсад намрын улиралд юу л байна мах байна, хавар танайд мах байна уу гээд хайдаг. Ийм зах зээлийг дэлхий сонирхохгүй. Дэлхий тогтвортой зах зээлийг сонирхоно. Тогтвортой бэлтгэн нийлүүлэгч байж үнэ цэнэтэй байна. Жил бүр дотоодын зах зээлд мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт хомсдож, үнэ нь огцом өсөж ард иргэдийг бухимдуулж байна. Нөөцийн мах бэлтгэл, түгээлт гээд үнэндээ гал унтраах маягаар олон жил явлаа. Манай компани дотоод зах зээлийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг ч төлөвлөсөн. Үйлдвэрийн бүтээгдэхүүнээ олон нэр төрлөөр борлуулдаг нэрийн барааны сүлжээ дэлгүүрүүдийг улс орны хэмжээнд байгуулж чадвал ард иргэдэд маш том тус дэм болох болов уу?

-Ярилцсанд баярлалаа. Зорьж буй ажилд нь амжилт хүсье.

  • Туяа
  • 106
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313