СОЁЛ УРЛАГ ЖАМ ЁСООРОО ХӨГЖИХӨД ХЭН НЭГЭН СААД БОЛДОГГҮЙ БАЙГААСАЙ

2022 оны 3-р сарын 31 өдөр

Аймгийн Соёл урлагийн газрын дарга. Б.МАНГАЛЖАВ
Дорнод аймагт Соёл Урлагийн газар байгуулагдлаа. Даргаар нь Б.Мангалжав томилогджээ. Түүний хувьд номыг нь үзэж, ногоотой шөлийг нь нь ууж явсан салбар. Хувь хүний түүх гэдэг тухайн салбарын түүх байдаг. Миний ажиллаж буй салбар ийм хэмжээнд хүрчихээсэй гэсэн бодол нийгмийн харилцаанд оролцож буй хүн бүрт бий.  Аймгийн Соёл урлагийн газрын даргатай энэ сэдвээр ярилцлаа.    

- Сайн байна уу? Шинэ ажилд томилогдсонд баяр хүргэе. Дорнод аймгийн Соёл урлагийн газрыг танилцуулаач? 
-Сайн, сайн байна уу? Дорнод аймгийн Соёл урлагийн газар аймгийнхаа Хөгжимт драмын театр хэмээх ариун сүмд төвхнөлөө. Шинэ байгууллагын суурийг тавина гэдэг төрийн залгамж халаагаар томилогдон очих, ажлын байраа шинэчлэхээс тэс өөр асуудал юм байна. Ширхэг ч  бичгийн цаасгүй цулгуй тал дээр ажлыг эхэлнэ гэдэг хэцүү байлаа. 2021 оны зургадугаар сард аймгуудад Соёлын хэлтэс байгуулах тухай Засгийн газрын 168 дугаар тогтоол гарсан. 12 дугаар сард нь Соёлын хэлтсийг газар болгох 377 дугаар тогтоол гарч миний бие аймгийн Соёл урлагийн газрын даргаар 12-р сарын 31-нд томилогдсон. Манай аймгийн хувьд 2022 оны нэгдүгээр сараас Соёл урлагийн газар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монгол улсад бүртгэлтэй тамга тэмдэгтэй болох, мэргэжилтнүүдээ сонгон шалгаруулах, ажиллах хүмүүсийнхээ ажлын байрыг бэлдэх, ажиллах нөхцөл, тоног төхөөрөмжөөр хангах гээд ажил ундарсан. Янз янзын эх үүсвэрээс асуудлуудаа шийдлээ. Аймгийн Соёл урлагийн газар 11 хүний орон тоотой. Үүний 9 нь төрийн захиргааны, хоёр нь төрийн үйлчилгээний албан хаагч.  
-Танай байгууллагын чиг үүрэг, хамрах хүрээ юу вэ?
-Аймгийн хэмжээний соёл, урлагийн байгууллагуудыг төр захиргааны удирдлагаар хангах, төсөл хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулах нь бидний үндсэн үүрэг. 1990 оноос хойш соёл, урлагийн салбар, боловсролын салбар хамтдаа нэг газарт харьяалагдаж ирсэн. Соёл, урлагийн салбар тусдаа гарсан нь энэ салбарт ажиллаж байгаа хэн бүхний мөрөөдөл. Соёл, урлаг бол мэргэжлийн салбар. Мэргэжлийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдахаар бодлого үйл ажиллагаа, хүний нөөц, эдийн засаг гээд олон асуудал орхигддог.  Соёл, урлагийн салбар цаг үеэ дагаж л хөгжиж ирсэн болохоос түлхүү анхаарсан зүйл энд үгүй. Боловсрол ч ялгаагүй нийгмийн асар том салбар. Дангаараа бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой. Соёлын яам байгуулагдана гэдэг Үндсэн хуулиар олгогдсон үүргээ биелүүлж байна л гэсэн үг. Үндсэн хуулинд түүх соёл, үндэс угсаагаа  дээдлэх олон зүйл заалт бий. Төрийн бодлогод соёлыг өргөн утгаар ойлгох ёстой гэж заасан байдаг. Соёл өөрөө тухайн улсын үнэт зүйл. Төрийн хамгийн том бодлого бол  хүн. Гэтэл соёл гэдэг ухагдахуун хүнд байдаг. Агуу мэдлэг боловсролтой хүн соёлгүй бол, ямар ч мэдлэг боловсролгүй нэгэн соёлтой бол яах вэ?. Бид үүнийг олж харах ёстой. Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаа  хүнрүү чиглэгддэг.  Зөвхөн урлаг, зөвхөн соёл гэж явцуурахгүй. Ирээдүйн соёлт иргэнийг төлөвшүүлэх нь бидний үүрэг.  Соёл, урлагийн салбарын  хамрах хүрээ энэ гэж явцуурах аргагүй. 
-Та урлагийн хүн, төрийн захиргаанд соёлын асуудал хариуцаж байсан. Энэ бол таны мэддэг салбар?  
-Театр гэдэг их айлыг мэднэ. Соёл, урлагийг сонирхох нь бүү хэл өнөө маргаашийн хоолоо яая гэж байсан зах зээлийн нийгэмд бид урлагийн төлөө ажиллаж байлаа.  Тэр үед урлагийн хөгжлийн тухай ярихгүй ш дээ. Яаж хаалгаа барихгүй байх вэ гэж тэр үеийн аймгийн театрын удирдлагууд Энхбаяр, Дугар, Гочоо, Бадамдорж, Оюунцэцэг бид хэрхэн яаж тэсч үлдэх тухай л ярилцдаг байлаа.  Аль болох бага зардлаар орлого олох боломжийг эрэлхийлж, шоу урлагийг орон нутагт оруулж ирсэн. Өсвөр насны хүүхдүүдийн дунд “Урлаг шоу” гэдэг тэмцээн зохион байгуулж театраа санхүүжүүлж байлаа.  Одоо та нарын насны залуусын дунд “Урлаг шоу” хүүхэд насных нь хамгийн гоё дурсамж болж үлдсэн байдаг. Хөдөөгийн хүн амд яаж урлаг соёлоор үйлчлэх вэ гэж  тархиа гашилгана. Аль болох цөөн хүнтэй жүжиг тавьж пургон машинаар бригадаар явна. Соёл урлаг хамгийн хүнд хэцүү байсан тэр үед энэ салбарт ажиллаж байсан болохоор дотортой, гадартай нь мэдэлгүй яахав.
-Дараа нь төрд орсон?  
-Би төрийн албанд 34 жил ажиллахдаа төрийн захиргааны албан хаагчаар 17 жил ажилласан. Мэргэжлийн хяналтын байгууллагад би гэх ойлголт байхгүй. Төрийн албаны хяналт, шалгалт хамтарсан багаар явагддаг. Урлагийн хүн төрийн албанд орсоноор өөрийгөө өөр өнцгөөс харах нөхцөл бүрдсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар намайг төрийн албанд сургасан. Сайхан хамт олон дунд ажиллаж байсандаа баярлаж бахархаж явдаг. Өөр ямар ч байгууллагат байхгүй хамт олны нандин уур амьсгал манай мэргэжлийн хяналтынханд бий. Одоо ч хамт олноо санадаг. /инээв/ 
-Олон сайхан соёлын өвийг улсад бүртгэлтэй болгосон байх?
-Аймгийн музейд оруулж үзмэр болгосон соёлын өвөөрөө үзэсгэлэн гаргавал танхим дүүрэх байх шүү. Анх Зүүн бүс хариуцсан соёлын мэргэжлийн хяналтын улсын байцаагч болоод удаагүй байхдаа наймаачдын гар дээр байсан 105 метр урттай Арслан зааны соёог аймгийн Музейд байршуулсан. Хил дээр хураагдсан, иргэний гар дээр байгаа бүх л соёлын өвийг улсын өмч болгож Музейд хадгалах ёстой. Музейн үзмэр гэдэг хэзээ ч солигдож холигдохгүй, алга болохгүй мянга мянган жил хадгалагдана. Жишээ нь: Мин улсын Жө Сөү Дун хааны дөрвөн ширхэг эдлэл самран дотор нууж манай хилээр гаргах гэж байсныг нь мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж хурааж авсан. Тэр үед  бид Цагдаагийн байгууллагатайгаа хамтарч энэ соёлын өвийг орон нутагтаа авч үлдэх шийдвэрт хүрсэн. Соёлын үнэт олдворыг орон нутагт нь байлгах  хуулийн  заалтыг урдаа барьж соёлын тэр үнэт өвийг авч үлдсэн. Өөр нэг жишээ гэвэл, монгол орны зүүн бүсэд хадны сүг зураг байхгүй гэж үздэг. Гэтэл нутгийн нэг иргэн соёлын өв байж магадгүй зураг оллоо гэж бидэнд мэдээлсэн. Б.Хасархүү ахлагчтай археологийн баг газар дээр нь очиж судлаад хадны сүг зураг байсныг аймгийн музейд авсан.  Мэргэжлийн хяналтын байцаагчаар ажиллаж байх үед ”соёлын өв байж болзошгүй зүйлийг олоод нуучихлаа. Байгаа газрыг нь зөвхөн танд зааж өгье” гэсэн мэдээлэл иргэдээс ирдэг байсан. Мэргэжлийн баг бүрдүүлж газар дээр нь үзлэг хийснээр Чулуун зэвсгийн үе, Хүрэл, төмрийн үеийн 1500-2500 орчим дурсгалыг олсон. Тухайн газрыг хамгаалалтад авч малтлага хийхэд Чулуун зэвсгийн үеийн зэвсэг хийж байсан бэлдэц олдсон нь чулуун зэвсгийн үеийн үйлдвэрлэл явагдаж байсны гэрч юм. Эмэгтэй хүний хүзүүний зүүлтний гоёл олдсоор бүтэн зүүлт бүрдэх гэж байна. Мөн хүрэл гаргаж авч байсан үнс нурам баас байна. Мөн төмрийн үеийн үйлдвэрлэлийн шаар байсан. Хүннү гүрний үеийн зоос, гоёл чимэглэл гээд хүний нийгмийн бүх цаг хугацаанд энэ газар хүмүүс суурин амьдарч, үйлдвэрлэл явуулж байсныг гэрчилж байна. 
-Та бид хоёрын яриа нэлээд далийх шинжтэй. Манай сонины “Шинэ томилгоо” булан энэ хүн ямар туршлагатай хүн бэ гэдгийг л уншигчдад хүргэхийг зорьдог. Тэгэхээр бид хоёрын яриа таны тухай улам сонирхолтой баримт руу л орох ёстой. Таныг аймгийн ХДТ-д ажиллаж байхдаа мэргэжлийн боловсон хүчин бэлдэхэд анхаарч ажилласан гэж сонссон?
-Бүх юм цаг хугацааны асуудал байдаг. Нийгмийн хүнд хэцүү үе дуусна, сайхан цаг ирэхэд мэргэжлийн боловсон хүчингүй болчихсон байвал яах вэ.  Боловсон хүчингүй урлагийн байгууллага хөгжихгүй шүү дээ. Тэгж ухаарч СУИС-д хоёр ч анги, Мюзик хоол театр урлагийн дээд сургуульд нэг анги өгч байсан. Орон нутагтаа хүүхдүүдээ бэлдэнэ, сургуульд нь шалгуулна, тэнцсэн тохиолдолд сургуультай нь гэрээ хийнэ, ажлын байрыг нь бэлдэнэ. Нэг жишээ татахад 1998 онд дээрх байдлаар 12 хүүхдийг бэлдэж уран сайхны зөвлөлөөр шалгуулж тэнцэхээр нь аймгийн Засаг дарга, ХДТ, эцэг эхчүүдтэй гурвалсан гэрээ байгуулж Мюзик хоол театр урлагийн дээд сургуулийн жүжигчний ангид элсүүлж байлаа. Аймаг тухайн хүүхдүүдийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, аймгийн ХДТ ажлын байраар хангах, эцэг эхчүүд хүүхдүүдээ сурах нөхцөл боломжоор нь хангах хариуцлага хүлээх гэрээг байгуулж байсан. Хүүхдүүддээ  сургуулийнх нь дэргэд байр түрээсэлж өгч, тэднийг хамтад нь байлгаж, сургуулийнх нь уран чадварын багшийг байрын багшаар нь авч хүүхдүүдээ сургасан. Манай хүүхдүүд маш сайн сурсан. Хагас жилийн шалгалтаар нь очиход танигдахын аргагүй чадвар нь өссөн байсан. Хүүхдүүд маань  ингэж сурч байна гээд аймгийн Засаг даргад ирж танилцуулсан. Харамсалтай нь аймаг төсөв мөнгөний хүндрэлээс болж сургалтын төлбөрийг нь төлөх боломжгүй болсон.  Тэр хүүхдүүд чадвартай жүжигчид болж төгссөн. Одоо “Захиалгат инээд”-ийн Манлайбаатарын анги шүү дээ. Олон ч хүүхэд жүжигчин мэргэжил эзэмшсэн дээ.
-Соёл урлагийн салбар маань ийм л болчихвол гэдэг бодол бий биз?
-Байлгүй яахав. Соёл урлаг жам ёсоороо хөгжихөд нь хэн нэгэн саад болдоггүй байгаасай. Одоо үед соёл урлагийг хүн бүхэн мэддэг болж. Хүний хөгжилд хүн л саад болдог. Гэхдээ эдийн засаг руу бурууг нь чихдэг. Аливаа салбарыг тухайн салбарынхан л хөгжүүлнэ. Сүүлийн үед соёлын салбар руу бүгд ханцуй шамлан дайрдаг болж. Соёлын салбар тавагтай хоол шиг  харагдах ёсгүй. Авьяас, бодол хоёрт хязгаар байхгүй. Уран бүтээл гэдэг авьяас, сэтгэхүйн нийлбэр. Уран бүтээлд агуулга чухал. Би найруулагч болж буй залуучуудад ганц л зүйл зөвлөдөг. Сайн, муугийн тухай битгий ярь, битгий бод. Аливаа уран бүтээл хүн болгонд сайнаар буудаггүй, өөр өөрөөр л бууна. Найруулагч зөвхөн өөрийнхөөрөө л илэрхийлэх ёстой. Чиний уран бүтээл тухайн хүнд ямраар ч бууж болно. Муу ч байсан, сайн ч байсан тухайн найруулагчийн л өнцөг. Тэр найруулагчийн санааг би гаргаж чадахгүй. Театрын хөгжлийг тодорхойлдог хоёр зүйл бий. Нэг нь урын сангийн бодлого нөгөө нь үзэгч. Театр топ үзэгчтэй байдаг учир театрын хариуцлага өндөрждөг.  
-Энэ салбарт хөл тавьж байсан үеэ дурсаач?
-Багадаа үлээвэр хөгжим, гитарын дугуйланд явдаг, шүлэг уншдаг нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Урлагийн хүн болно гэж бодож байгаагүй. 10 дугаар ангиа төгсөхдөө УБДС-ийн Кино драмын ангид шалгалт өгч тэнцсэн. Урлагтай амьдралаа холбосноор буруу сонголт хийсэн гэж боддоггүй. Кино драмын анги авахад аав  маань  сайхан мэргэжил сонголоо гээд их баярласан. “Аав нь урьд шөнө хүүгээ кинонд жанжны дүрд тоглож байна гэж зүүдэллээ. Хараад байсан чинь миний хүү морь унаж чадахгүй юм. Жүжигчин болохыг нь мэдсэн бол багаас нь морь унуулж сургахгүй яав гэж харамслаа” гэж билээ. Бид долоо, наймдугаар ангиас зун, намрын ажилд явдаг байлаа. Хөдөө гарч үеийнхэнтэйгээ морь унана. Намайг морь унахыг аав минь хараагүй болохоос би моринд сайн байсан. Тэгэхээр аав минь намайг урлагт хөл тавьсанд зүүдэндээ үзтэл баярлаж байсан шиг ээ. 1990 онд “Булингар” кино Сүхбаатар аймагт нээлтээ хийхэд аав минь очиж үзсэн. Кино үзээд ирэхдээ “би өөр хүн болчих шиг санагдсан” гэж билээ.  Урлагт хөл тавьсан хүүгээрээ хачин их бахархаж байж дээ гэж боддог юм.
-Урлаг золиос шаарддаг гэдэг. Таны хувьд?
-Театрын онолд “Урлаг хохирохыг шаарддаг” гэж үг бий. Харгис байгаа биз. Энэ онолоор балетын жүжигчид маш их хохирдог. Том театрууд бүжигчин авахдаа 10 жил хүүхэд төрүүлэхгүй байх гэрээ хийдэг. Хүн залуу халуун насандаа хайрлаж дурлаж хань ижилтэй болж үр хүүхэд төрүүлмээр байгаа шүү дээ. Тухайлбал, манай гэр бүлийн хүн гурван сартай хүүхдээ эгч дээрээ орхиод бригадаар тоглолтод явж байлаа. Тэр үеийнхэн бүгд л адил. Театрын удирдлагаас ар гэрийн асуудлаа зохицуул гэж хэлээд л болоо ш дээ. 60, 45 хоног хөдөөгүүр явна. Би маш том зүйлээ алдсан. Гэхдээ яримааргүй байна.  
-Урлагийн хүмүүс сэтгэл санааны гутралыг даван туулахдаа сул дорой юу, хатуу чанга уу?
-Урлагийнхан ганцхан зүйл дээр сэв хийдэг, ганцхан зүйл дээр навс унадаг эмзэг сэтгэхүйтэй. Өвдөж зовохдоо хүн “би хэн байсан бэ” гэдгээ эрхгүй эргэцүүлдэг юм билээ. Өөрийгөө мэдэрсэн мэдрэхүй хүнийг босгож ирдэг шиг санагдсан. Тэсэхийн аргагүй өвдөж байгаа хүн ингэж тарчилж байхаас үхчих юмсан гэж боддог л юм билээ. Тэгтэл миний төлөө найз нөхөд, хамт олон минь ингэж санаа тавьж зовниж байхад гэж бодогдож ямар агуу салбарт ажиллаж байгаагаа ойлгосон.  Энэ олон хүн намайг хайрлаж байхад үнэхээр явмааргүй санагдсан. Анх өвчний оношоо сонсоод эхнэр, хүү хоёрыгоо яаж орхих юм бэ гээд шөнө нойргүй хонодог байлаа. Тэднийгээ өөрөөсөө дэндүү их хамааралтай амьдруулчихжээ гэж бодогдсон. Намайг явчихаар энэ хоёр минь яана даа л гэж хамгийн их шаналсан даа. Үхэлтэй тэмцэж эмнэлгийн орон дээр хэвтэж байхад амьдрах ёстой шүү гэж бодогдтол хайрлуулах шиг сайхан зүйл үгүй. Дорнодын ард олон намайг дахин амьдрах хүсэл төртөл минь хайрласан. Маргааш хагалгаанд орохоор гадагшаа ниснэ гээд Улаанбаатарт очтол УИХ-ын гишүүн Болорчулуун залгаж байна. Чи эмчилгээнд явах гэж байгаа юм байна ш дээ. Яагаад надад хэлээгүй юм. Алив хурдан уулзъя гээд. Засгийн газрын ордны зүүн хаалганы гадаа хүлээгээд зогсож байлаа.  Маш том дэмжлэг үзүүлсэн. Амьдралын өдөр бүр гоё. Тэр гоёыг нь мэдрэхгүй өнгөрөх л харамсалтай. Би залууст өөрийнхөөрөө амьдраарай л гэж хэлэх дуртай.  Дэлхийг даахгүй уйлж байсан, орчлонг мэдрэхгүй согтуу явсан үе надад бий. Унаж, босож явсан амвдралын минь өдөр бүхэн гоё. Ингэж хэлэхийн учир шалтгаан нь би өөрийнхөөрөө амьдарсан учраас.    
-Ярилцсанд баярлалаа танд. Энд хүрээд ярилцлагаа өндөрлөе.
-Чи бид хоёрын ярилцах сэдэв жаахан халих шиг боллоо. Зорьж ирсэнд баярлалаа. 
      

 Б.ОДМАА

  • Туяа
  • 315
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313