Үйлсийн үйлс бүтээл үргэлж өөдөө цойлсоор 

2021 оны 9-р сарын 23 өдөр

   Энэ жил Шань Чи Да Зүнь авто машины компанийнхан анхны ID4X цахилгаан моторт автомашинаа зах зээлд нийлүүлснээр маш олон хэрэглэгчийн анхаарлыг татаж эхлээд байна. Уг машины өнгө будаг, дизайн, төсөв зохиогчоор Үйлс гэх охин ажиллажээ. Тэрээр энэ компанид гурав дахь жилдээ ажиллаж байгаа юм. Үйлс 1995 онд Шинэ барга баруун хошуунд төрж өсч, бага наснаасаа зураг зурах, урлан бүтээх авьяас нь тодорсон гэдэг. Хүүхэлдэйн хувцас оёх, цаасан хайрцгаар гэр байшин урлах, чихрийн хайрцганд “нууц” оньс хийх зэргээр тоглодог байж. “Би багадаа гоё хайрцаг савыг хаядаггүй. Түүгээр янз бүрийн тоглоом хийж тоглодог байсан” гэж Үйлс бага насаа дурсав.   Түүний аав, ээж охиноо балчих ахуйгаас нь учир явдлын  мөн чанарыг ойлгуулж, бүх талын өв тэгш боловсролтой болоход нь анхаарч иржээ.  Энэ тухай Үйлс “ Миний аав, ээж хоёр үглэж яншдаггүй, миний үзэл бодлыг хүндэтгэн, санаа бодлоо харилцан солилцдог.  Үргэлж надад урам өгч дэмждэг байсан” гэж ярилаа.  Тэрээр бага, дунд сургуулиа төрсөн нутаг Шинэ барга баруун хошуундаа дүүргэж, 2011 онд Өвөрмонголын Багшийн Их сургуулийн харъяа дунд сургуульд суралцахаар Хөххотын зүг эрдмийн жолоо залжээ. Соёлт ертөнц болох их хотод хөл тавьж, ээж аав элгэн саднаасаа хол бие даан амьдрахдаа сурах хариуцлагаа өндөрт ухамсарлаж,  амьдрах ухаанд давхар суралцсан гэдэг. 2014 онд Үйлс хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Далианы Техник мэргэжлийн Их сургуулийг аж үйлдвэрийн урлан төсөвлөх тусгай мэргэжлээр төгсчээ. Үйлс ийн өөрийн дуртай мэргэжлээр гүнзгийрүүлэн суралцсаар ур чадвараа улам ахиулсаар явна. 
  “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдгээр тэр их сургуулийн гуравдугаар курсэд сурч байхдаа найзынхаа хамт Card Design News-ээс зохион байгуулсан CDN 2017 автомашины зураг дизайн төсөвлөх  уралдаанд оролцож, "Хамгийн сайн ирээдүйн харалтад" автомашины дизайн төсөвлөгч шагнал хүртжээ. Card Design News гэдэг нь автомашины зураг дизайн төсөвлөх дэлхийн хэмжээний хамгийн том тавцан юм. Үйлс энэ уралдаанд оролцсон нь түүнд Жи Ли авто машины компанид дадлага хийх боломжийг  олгосон төдийгүй 2019 онд сургуулиас нь түүнийг Шань Чи Да Зүнь автомашины компанид танилцуулж өгснөөр ажлын гараагаа эндээс эхэлжээ. Шанхай хэмээх түм түжигнэж, бум бужигнасан дэлхийн том хотод автомашин үйлдвэрлэх компанид ажилд орж хөлөө олно гэдэг амаргүй хэрэг. “Энэ хоёр жилийн хугацаанд би компанийнхаа анхны цахилгаан моторт автомашин ID4X-г хийсэн төдийгүй компанийнхаа гадна дотно сурталчилгааны ажилд оролцдог. Одоо улсын дотоодод борлуулалтаараа тэргүүлж ирсэн Lavida -г хариуцан төсөвлөж байна” гэж танилцууллаа. Мэдээж, автомашиныг зурж төсөвлөж, үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлтэл маш урт хугацаа, их хөдөлмөр шаардана. Гэвч Үйлс өнгөрөгч хоёр жилийн хугацаанд компанийнхаа ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох үйл хэрэгт онцгойлон оролцох болсондоо сэтгэл өөдрөг байж хамт олондоо үргэлж талархаж иржээ. “Энэ бол компанийн удирдлагаас надад хүлээлгэсэн итгэл. Тиймээс би тэднийхээ итгэлийг дааж зүтгэл гарган ажиллах болно” гэж даруухан өгүүлж суулаа. Тэр бас  компанийнхаа ухуулах сурталчилгааны ажилд идэвхтэй оролцож олон удаа илтгэл тавьж, уг ажлыг өөрөө гардан зохион байгуулж иржээ. Үйлс: “ WAF \ дэлхийн эмэгтэйчүүдийн ирээдүйн хөгжилтийн сурууль\ -ийн тусгай урилгаар өөрийн ажил амьдралынхаа тухай хуваалцаж, энэ нь миний эрхэм нандин өв хөрөнгө юм” гэж онцлосон удаатай. 
      Үйлсийн зүрх сэтгэлд төрөлх нутаг усаа гэдэг санаа үргэлж хадаатай явах. Ноднин цар тахлын үед хэдэн найзын хамт онлайн хичээл бэлтгэн цахимаар хүүхдүүдэд хүргэжээ. Оюутан байх үедээ Далианд амьдардаг Өвөрмонголчууддаа үнэ төлбөргүй хичээл заадаг байсан төдийгүй тэдэнд найр наадмын хувцас заслыг нь төсөвлөж өгдөг байжээ. 
  Үйлс:” Хэзээ нэг цагт би өөрийн сурсан мэргэжлээрээ өсөж төрсөн өлгий нутагтаа хүч авьяасаа нэмэрлэх болно гэж бодох бүр эрч хүч нэмэгддэг” гээд сэтгэл гэжигдэм хөөрхөн нүднээс нь цог асч харагдсан. 

Хөлөнбуйр өдрийн сонин,  ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 403
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313