Хань Юньшян: Хоёр нам байгуулагдсан эхний үеэсээ хувьсгалт найрсаг харилцааг тогтоосон

2021 оны 7-р сарын 12 өдөр

       “Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн ёслолын үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшяний хэлсэн үг
-МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, эрхэм хүндэт хатагтай Боргилмаа, Хятад, Монголын сэтгүүлчид Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өвс мод ногоорч, цэцэг навч дэлгэрсэн зуны дэлгэр улиралд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс хамтран зохион байгуулсан “Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ нь Хятад, Монголын хэвлэл мэдээллийн салбар цар тахлыг даван туулж, хамтран ажилласны амьд туршлага төдийгүй Хятад, Монголын хэвлэл мэдээллийн салбарын чин үнэнч, найрсаг, ажил хэрэгч харилцааг дахин тодруулж чадлаа. Энд би БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны нэрийн өмнөөс урт хугацааны туршид Хятад, Монгол хоёр орны найрсаг харилцаа,  манай хоёр ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг зузаатгахад хувь нэмрээ оруулж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдалд үргэлж анхаарал тавьж байна. Монголын ард түмэн энэхүү халдварт тахлыг даван туулж, хэвийн амьдралаа сэргээхийг чин сэтгэлээсээ хүсье. Энэ жил ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн турш ХКН анхны зорилгоосоо үл хазайн, Хятадын ард түмний аз жаргал, Хятадын үндэстний сэргэн мандал, хүн төрөлхтний нийгмийн эв нэгдлийн төлөө хүчин зүтгэж ирсэн. ХКН-ын удирдлага бүхий Хятадын ард түмний тэмцэл өнөөдрийг болоход дэлхийн анхаарлыг татсан хөгжлийн гайхамшгийг бүтээж, орчин үеийн социалист улс орныг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах шинэ аялалд гарлаа. Түүхийг эргэн харахад ХКН байгуулагдсан эхний үеэсээ Монгол Ардын Намтай гүн гүнзгий хувьсгалт найрсаг харилцааг тогтоосон байдаг. БНХАУ байгуулагдмагц Монгол Улс Хятад улстай дипломат харилцаа тогтоосноо зарлав. 70 гаруй жилийн хугацаанд найрсаг хамтын ажиллагаа нь Хятад, Монголын харилцааны гол урсгал байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улс бие биедээ туслан, харилцан ашигтай, хамтын хөгжлийг баримталж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог тасралтгүй гүнзгийрүүлэн, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр ард түмэнд ашиг тусаа өгч ирлээ. Ялангуяа цар тахлын үед Хятад, Монгол хоёр орон хамтран ажиллаж, хатуу бэрхшээлийг хамтдаа даван туулж, найрсаг хөршүүдийн үлгэр жишээ болсон. Энэхүү хамтарсан сурвалжилгын арга хэмжээний хүрээнд бид түүхэн дэх Хятадын хувьсгалын голомт болох Янь Ань хотоос Өвөр Монголын нутгаар хил даван Улаанбаатар хотыг дамжиж, Зөвлөлт Холбоот Улсын Москва хотод хүрдэг Коммунист олон улсын холбооны шугам зэрэг сурвалжилгын цэгүүдийг тохируулсан байгаа. Эдгээр сурвалжилгын цэгүүд нь түүхэн өөр өөр үе шатан дахь Хятад, Монголын найрамдал, хоёр ард түмний гүн зузаан нөхөрлөлийн ил тод гэрчилгээ болдог. Үүний зэрэгцээ Хятадын Өвөр Монгол, Ниншя зэрэг Өөртөө засах орны ядуурлыг бууруулах, экологийн засаглал, соёлын аялал жуулчлал, орчин үеийн хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалт, иргэдийн амьжиргааны түвшин зэрэг цуврал сурвалжилгын үйл ажиллагааг зохион байгуулах болно. Эдгээр сэдэв нь Монголын ард түмний амьдралд тулгамдаж байгаа сэдэв төдийгүй ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн хуучин нийгмээс шинэ цаг эринд шилжсэн түүхэн өөрчлөлтүүдийн тод гэрч юм. Хятад, Монголын сэтгүүлчид та бүхэн энэхүү хамтарсан сурвалжилгын хүрээнд Хятад, Монголын найрамдлын түүх, ХКН-ын зуун жилийн аугаа түүхэн үйлээр сэдэвлэн, онлайн, оффлайн хэлбэрийг хослуулж, Хятад, Монголын шинэ эрин үе дэх найрамдлын гайхамшигт түүхийг хүүрнэн, Хятад, Монголын найрамдал, ард түмний нөхөрлөлийг ахиулахад эерэг энергийг түгээнэ гэдэгт гүнээ итгэж байна. Эцэст нь бидний арга хэмжээг дэмжсэн МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, хатагтай Боргилмаа танд дахин хүндэтгэл дэвшүүлж, мөн ирэх долоон хоногийн сурвалжилгын үйл ажиллагаанд оролцох Монголын хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамтарсан сурвалжилгын арга хэмжээ амжилттай болж, сэтгүүлчид та бүхэн ганзага дүүрэн буцахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Эх сурвалж: http://www.solongonews.mn , ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 274
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313