Манай хүүхдүүд тэмбүүтэй гэж хэлэх эмгэнэл биз дээ

2019 оны 3-р сарын 5 өдөр

\"\"

Манай аймагт 2017 онд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгчдийн 15 хувийг 15-18 насны хүүхдүүд эзэлж байсан бол 2018 онд энэ тоо өсч 16 хувь болж. Дээрх тооноос харахад бэлгийн замын халдварт өвчин хүүхэд наснаас эхэлж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн сурагчид бэлгийн замын халдварт өвчтэй байна гэсэн үг. Амьдралд хөл тавиагүй, аав ээжийн бяцхан үрс аль хэдийн өөртөө хар толбо бий болгож.  Энэ бол эмгэнэл, бас аймшиг. 2018 онд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгчдийн 11 хувийг трихомониаз, 15 хувийг тэмбүү, 18 хувийг заг хүйтнээр өвчилсөн өсвөр насныхан эзэлж байна. Анагаах ухаан хөгжөөгүй дээхэн үед тэмбүү туссан хүн эмчлэгдэхгүй байсаар хамар нь яранд  идэгдэж  унадаг байсан тухай хуучны хүмүүс ярьдагсан. Дэгсхэн хэлэхэд одоо бид хүүхдүүдээ анхаарахгүй, аврахгүй бол хамаргүй ирээдүйтэй болохыг үгүйсгэх аргагүй. Тэмбүү өвчин архаг удаан явцтай. Хүний биеийн арьс, салст, дотор эрхтэн, мэдрэлийн систем, тулгуур хөдөлгөөний эрхтэнг гэмтээдэг гэнэ билээ. Тэмбүү өвчин бэлгийн замаар, цусаар, эхээс урагт гэсэн гурван замаар л халдварладаг. Халдвар авснаас хойш дунджаар гурван долоо хоногийн дараа бэлэг эрхтний орчимд ямарч зовиургүй яр гардаг. Эмчилгээ хийлгээгүй байсан ч хатуу яр нь аяндаа алга болдог гэх. Бид энэ мэт бэлгийн замын халдварт өвчний анхны мэдэгдэхүүнийг хүүхдүүддээ зааж сургадаг билүү? Үгүй шүү дээ. Бид өөрсдөө хүүхдүүддээ хүн байхын утга учир, нөхөн үржихүйн мэдлэгийг өгдөггүй. Ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн боловсрол олгох хичээл хангалттай хэмжээнд ордоггүй. Үүнийг мэдсээр байж бэлгийн замаар өвчлөгчдийн 20-оод хувийг өсвөр насныхан эзэлсэн тоо баримт байсаар байхад үр хүүхдүүддээ эрүүл мэндийн боловсрол олгохыг шаардахгүй байна. Ирээдүй хойч үеийнхээ төлөө бид амаа жимийгээд гараа хумхиад сууж байна. Түүнчлэн эцэг эхчүүд бид хүүхдүүдээ хаана юу хийж явааг мэдэхгүй байдал дээрх тоо баримтад хүргэсэн. Сэтгүүлч миний тунгааж буйгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бэлгийн амьдрал байж боломгүй санагдах юм. Худлаа юмыг хүртэл 1000 давтахаар итгэдэг гэдэг биз дээ. Тэгвэл эрт үеэс сахиж ирсэн  эр эмийн ариун нандин холбоосыг бид хүүхдүүддээ учир мэдэх цагаас нь эхэлж хэлж ярьж хэвшие л дээ. Арга ядахад хамгаалалттай бэлгийн харьцаанд орох нь бэлгийн замын халдварт өвчнөөс 99 хувь хамгаалдаг гэдгийг ой тойнд нь суутал заадаг баймаар байна. Хоолойгоо өвдөхөд эмчид үзүүлдэг хэр нь үр удмаа үлдээх нөхөн үржихүйн эрхтэн нь өвчлөхөд эмнэлэгт очдоггүй, эмчид ханддаггүй байдлыг өөрчилмөөр байна. Нуулаа гээд нуугдлаа гээд өвчин улам архагшиж, угжирна уу гэхээс эдгэхгүй гэдгийг бид ямагт санах хэрэгтэй. Тэр тусмаа тэмбүү өвчин эдгэдэг. Бэлгийн замын халдварт өвчнийг эмчлэх нь үнэгүй байдаг. Бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх шинжилгээ сайн дурынх. Хүүхэд ч бай насанд хүрсэн хүн ч бай өөрийн хүсэлтээр шинжилгээнд хамрагдахгүй бол албан шахалтаар хийгддэг зүйл биш. Манай аймгийн хувьд жил бүр эрүүл цус аян, энд тэндхийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж олон нийтийг шинжилгээнд хамруулснаар бэлгийн замын халдварт өвчний илрүүлэлт сайн байдаг. Илрүүлэлт сайн байхын хэрээр өвчлөлийн тоо бусад аймгуудтай харьцуулахад өндөр гарах нь ойлгомжтой. Аймаг орноороо анхааръя хүмүүсээ. Манай хүүхдүүд тэмбүүтэй гэж хэлэх ичгэвтэр биз дээ.

“Хүүхэд болгон математикч болох албагүй, харин хүүхэд болгон ээж аав болдог” гэсэн үг бий. Ирээдүйн ээж аав, энэ улсын иргэдэд эрүүл мэндийн боловсрол дутмаг л байна шүү.   

\"Дорнод\" сонин 2019.02.20 №06 (635)
  • Отгонтуяа
  • 1266
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313