Хилийн чанад дахь уралдаанч хүүхдүүдийг хэн хамгаалах вэ?

2019 оны 1-р сарын 28 өдөр

\"\"


Монголд ажлын хөлс бага байгаагаас хилийн чанадад ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ялангуяа, хөдөө сумдад туслах малчин, уралдаанч хүүхдүүд ховордож байгаагийн учир нь урд хөрш рүү хамаг нь гарчихсанаас тэр шүү дээ. Арга ч үгүй биз дээ, энд нэг хонь 20 мянган төгрөгөөр үнэлэгдэх бол урд хөршид 380 мянган төгрөг. Тэр хэрээр цалин хөлс ч өндөр байлгүй яахав. Томцуул нь туслах малчин хийх ч дүүрч, харин 7-14 насныхан хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэгддэг хурдан морь унах ажлыг хилийн чанадад хийж ар гэрээ тэжээнэ гэдэг дуугүй өнгөрөх асуудал биш ээ. Монгол улсын хэмжээнд 2016 оноос хойш жилд 400 гаруй хүүхэд хурдан морь унах нэрийдлээр хилийн дээс алхжээ. Зарим нь 2-3 хоногт буцаад ирдэг бол ихэнх нь “багана тойрч” хэдэн сар, жилээр үргэлжлэх нь ч бий гэнэ. Энэ хүүхдүүдийн ихэнх нь Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийнхан. Манай аймгийн хувьд хил залгаа сумдын хүүхдүүд ар гэрийнхээ амьжиргааг залгуулахаар аав ээжтэйгээ, заримдаа ах эгч, хамаатан садан, зуучлагч нэгэнтэй хүний нутагт хөл тавина. Хүүхэд зуучилсан этгээдэд хариуцлага оногдуулах эрх зүйн орчин байдаггүйг хуулийн байгууллагынхан хэлдэг. Тийм ч учраас хурдан морь унадаг хүүхдийг хил гаргаж хөдөлмөр эрхлүүлэх байдал улам бүр газар авч, БНХАУ-ын “Ви чат” олон нийтийн сүлжээнд “Хятад улсад хүүхдээр хурдан морь унуулна, цалин өндөр, амьдрах гэр тохилог” гэхчлэн зар хэдэн арваараа орж ирдэг байна.

Саяхан манай аймгийн хэдэн уяачид ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотноо морин тойруулгын уралдаан үзэж сонирхохоор явж л дээ. Тэгсэн тэнд унаач хүүхдүүд нь бүгд оччихсон, нуугдах нь нуугдаж, бултаж зугтах нь зугтаад сүйд болсон гэх. Бид тэдгээр хүүхдүүдийг, хүүхдээ хөдөлмөр эрхлүүлж байгаа эцэг эхийг буруутгахыг зорьсонгүй. Харин өвлийн морин уралдааныг эсэргүүцэж, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хүний эрх ярьдаг дарга даамлуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэсэн дээ бичиж сууна. Тэдгээр хүүхдүүд ямар орчин нөхцөлд ажиллаж байгааг, эрх нь зөрчигддөг эсэхийг, бэртэж гэмтвэл хэн хариуцлага хүлээхийг “тоодог” газар байна уу. Цаашлаад хүний наймаанд ч өртөж болзошгүй энэ асуудлыг анхааралдаа авах цаг нь ирсэн юм биш үү. Ниргэсэн хойно нь хашгирмааргүй л байх юм. 

\"Дорнод\" сонин. 2019.01.14 №02
  • Отгонтуяа
  • 504
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313