Ч.БАЯРЦОГТ: Гэртээ харих зам гоё, ажил руугаа явах зам бүр ч гоё санагддаг

2018 оны 11-р сарын 14 өдөр
 \"\"                Зүүн гар талаас: Ц.Болоржаргал, Ч.Баярцогт, Э.Отгонтуяа, М.Ганбат, Н.Цэцэнхүү /\"Оюутолгой\" компани \"Манлай\" кемп. 2018.10.13/ 

Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагаас 21 аймгийн сэтгүүлчдийг нэгтгэж, уул уурхай, эдийн засгийн чиглэлээр чадавхжуулах сургалтыг 2015 оноос зохион байгуулж байна. Энэ сургалтын ачаар миний бие “Оюу толгой” компаниар хоёр удаа зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Өнгөрсөн жил бид өдрийн хугас орчим энд саатаж байсан бол энэ удаад кемпэд байрлаж, ажилчдын хоолноос амталж, гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцаж гурав хонов.

“Оюу толгой” компанийн тухай Дорнодын ард түмэнд хол сонсогдож, үр ашгийн талаар огтоос сонирхохгүй ч байж магад. Гэтэл Дорнодын зуу, зуун залуус энд ажиллаж, дэлхийд данстай томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Уурхайтай танилцах аяллын үеэр Баяжмал савлах үйлдвэрийн оператор Чимэддоржийн Баярцогттой танилцаж, ярилцах завшаан тохиосон юм. Тэрээр 21 аймгийн сэтгүүлчид энд явааг дуулаад, нутгийн сэтгүүлчээ сурагласан хэрэг. Бид сургалтын төлөвлөгөөт ажил дуусахаар уулзъя гэж тохирсон нь энд 6 дахь жилдээ хамт ажиллаж буй андын холбоотой М.Ганбат, Ц.Болоржаргал, Н.Цэцэнхүү нарыгаа урьжээ.

\"\"

-Хүний газар нутгийнхантайгаа учрах гоё санагддаг. Энд Дорнодоос хэр олуул байна даа?

-Арван мянга гаруй ажилчин дунд Дорнодынхон олон бий. Уурхайн үйл ажиллагаа олон шат дамжлагатай болохоор бүгдийг нь танихгүй ээ. Баяжмал савлах үйлдвэрт надтай адил оператороор манай нутгийн долоон залуу хамт ажиллаж байна. Гүний уурхайн анхдагч эмэгтэй ажилчид дунд Бүжин гэж Дорнодын бүсгүй бий. Миний мэдэхээр хэд хэдэн шижигнэсэн сайхан залуус энд ажиллаж байгаа.

-Нутгаасаа хол ажиллах ямар байхав. Хэд хоногийн ээлжээр ажилладаг вэ?

-Бид 14 хоног ажиллаад, 7 хоног амардаг. Зам хол учраас гэртээ бүтэн 5 хоноод л буцах болчихно.

\"\"
-Ойртож очъё, нутагтаа ажиллая гэсэн бодол бий юу?

-Яг одоохондоо тийм бодол алга. Би энд ажиллаж байж л гэр бүлээ амар тайван, аз жаргалтай амьдруулж чадаж байна шүү дээ. Гэр бүлийнхнээ хот руу юм уу, Ханбогд суманд авчирч болно л доо. Гэхдээ хүүхдүүдээ хамт олон, найз нөхдөөс нь холдуулахыг хүсдэггүй юм. Гэртээ харих зам гоё, ажилдаа ирэх зам бүр ч гоё санагддаг. “Оюу толгой” компанид ажилд орсноор миний амьдрал дээшилсэн гэж би боддог. Өмнө нь айлын хашаанд амьдардаг байсан бол одоо өөрийн гэсэн сууцтай, хөлөглөх унаатай болсон. Оюутолгойд ажилладаг бидний хэдэн нөхөд нийлж “Сайн үйлсийн аян” зохион байгуулж, уламжлал болгосон гээд бодохоор үр шимээ өгсөн байгаа биз.

-Сайн үйлсийн аяныхаа талаар жаахан дэлгэрүүлээч?

- Анх хамт ажилд орж байсан найман залуу одоог хүртэл цуг ажиллаж байна Бид бүгд гэр бүлийн найзууд. Эхнэр хүүхдүүд маань ч ойр дотно. Гэр бүлээрээ ярилцаад сайн үйлс хийе, нутагтаа хэрэгтэй үйл бүтээе гэж тохирсон юм. 2017 онд нэг гэр бүлд өргөө цагаан гэр бэлэглэсэн. Багуудаас судалгаа авч, өөрсдөө ч ярилцсаны эцэст бидний өчүүхэн тусыг дэмнээд, арчлаад тордоод авч явахаар айлыг сонгосон. Харин энэ онд нутгийн бөхчүүдээ дэмжих зорилгоор “Дорнын хүчтэн дэвжээ”-ний үйл ажиллагааг дэмжиж, нээлтийн барилдааны шагналыг нь байлж байсан. Дорнодын бөхчүүд бид нарыг андахгүй танина.

\"\"\"Дорнын хүчтэн дэвжээ\"-ний бөхчүүдтэй хамт. 2018 оны 1 дүгээр сарын тойргийн барилдаан

Энд дарж сайн үйлсийн аяны бичлэгийг үзнэ үү

-Та түрүүнд айлын хашаанд амьдардаг байсан тухайгаа ярьсан. Харин одоо бол бусдад туслах хэмжээнд амьдралаа авч яваа юм байна гэж ойлголоо. \"Оюутолгой\" компанийг цалин, хангамж сайтай гэж хүмүүс ярьдаг?

-Дээр хэлсэнчлэн энэ компанид ажилд орсноор манай гэр бүлд ахиц дэвшлүүд их гарсан. Манайх 3 хүүхэдтэй. Аав нь хол ажилладаг болохоор ээж нь л хүүхдүүддээ анхаарал тавьж, харж ханддаг. Эхнэр ажилд орчихвол хүүхдүүд маань орхигдох гээд байгаа болохоор одоохондоо ажил төрөл хийдэггүй. Тэгсэн ч гэсэн өрхийн хэрэглээгээ хангаад, хажуугаар нь дэм хэрэгтэй нэгэнд боломжоороо туслаад явж байна. Цалингаас гадуур эрүүл мэнддээ анхаарах, эмчилгээ хийлгэх гэх зэрэгт мөнгө зарлагаддаггүй болохоор их амар. Жил бүр нарийн шинжилгээ, оношилгоонд хамрагдчихна, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд тэр мөнгөө даатгалаас буцаагаад авчихна. 

-\"Оюутолгой\" компанийн үндсэн ажилчид \"Рио Тинто\"-гийн хувьцаа эзэмшдэг гэж сонссон байна?

- Цалингынхаа багахан хэсгийг хувьцаа болгож болдог л доо. Энэ нь гэхдээ хувь хүний сонголт. Хувьцаа авсан ч болно, авахгүй байсан ч болно. Миний хувьд ирээдүйдээ хийж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж боддог. 


Политехник коллежид баярлаж явдаг



-Та ямар мэргэжилтэй вэ, өмнө нь хаана ажиллаж байв?

-Гагнуурчин мэргэжилтэй. Хувийн хэвшлээр л ажиллаж байсан даа. 2012 онд,“Оюу толгой” компанид мэргэжилтэн бэлтгэх сургалт Политехникийн коллежид болох нь гэж сонсоод шууд л шалгалт өгсөн. Тэр сургалтаар 30 гаруй Дорнодын залуус тэнцэж энд ажилд орсон. Найз нөхөдтэйгөө, танил хүмүүстэйгээ олноороо энд ажилд орох боломж олгосон Политехникийн коллежид баярлаж явдаг. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрөөр цахилгаан, гагнуур, баяжуулалтын оператор мэргэжлээр сургаж байсан санагдана. Төгсөж ирээд дахин шалгалт өгч үндсэн ажилтан болсон.

\"\"М.Ганбатын зургийн цомгоос: Коллежийн захиралтайгаа ажил руугаа зам нийлэв. 2013.12.14 /Баруун гар талаас Ч.Баярцогт, М.Ганбат, Д.Энхжаргал, Ц.Болоржаргал/


-Анх ажилд орсон сэтгэгдэл ямар байв?

-Биднийг ажилд орох үед энд бүтээн байгуулалт ид өрнөж байлаа. Одоо ажиллаж байгаа савлах үйлдвэр маань хэдэн арзгар төмөр л байсан гэхэд болно. Төдийгөөс өдийг хүртэлх бүтээн байгуулалтад гар бие оролцож, үйлдвэртээ анхдагчид тооцогдохоор хэмжээний болсондоо баяртай байдаг.

-Баяжмал савлах үйлдвэрийнхээ тухай яриач?

-Савлах үйлдвэр маань цагт 100-130 уут баяжмал савлах хүчин чадалтай. Манай хэсэг бүрэн автомат ажиллагаатай. Энд агуулахаас ирсэн баяжмалыг хоёр тоннын уутанд савлаж, жинлээд, шошго хадна. Бас баяжмалын чийгшлийг хадгалах зорилгоор уутны дотор нимгэн гялгар уут давхарладаг. Нэг машинд 18 шуудай, 36 тонн баяжмал ачдаг.

Алхам бүрт аюулгүй ажиллагаа


-Энд алхам тутам “Аюулгүй ажиллагаа” гэсэн үгтэй таарах юм аа?

-Ийм олон хүнтэй, энэ том уурхайд аюулгүй ажиллагаа хамгийн чухал. Аюулгүй ажиллагаанаас гадна хариуцлага, дэг журам өндөр түвшинд байх ёстой. Энд Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм бүрэн хэрэгждэг гэж хэлж болно. Манай Ганбат Дорнодод газрын тосонд ажиллаж байсан юм л даа. Аюулгүй ажиллагааны хувьд асар их ялгаатай гэж ярьдаг.

\"\"
-Жилийн ихэнх өдрүүдийг ажлын байранд өнгөрүүлдэг байх нь. Байр сууц, хоол ундны тал дээр ямар байдаг юм бол?

-Кемп маань тухтай. Бид өрөөндөө уг нь гурвуулаа. Гэхдээ нэг нь өдрийн ээлжтэй үед нөгөөх нь шөнийн ээлжтэй, эсэхүл амраад явчихдаг гээд ганцаараа шахуу байдаг юм. Хоол унд сайн шүү.

Өөр ажилд оръё гэхээр сэтгэлд нийцэхгүй л байх даа


-Бид кинотеатр, спорт заалтай танилцсан. Энд өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх боломж хангалттай байх шиг санагдсан?

-Энд ер нь байхгүй зүйл үгүй дээ. Кино театр, гоо сайхан, спорт заал, фитнесс, иог, спиннинг гээд чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд бүгд бий. Спорт заал гэхэд дөрвөн зэрэг тоглох боломжтой шүү дээ. Фитнесс, иог, спиннинг, бүжгийн төрлүүд бүгд мэргэжлийн багштай. Кинотеатрт гэхэд сар бүр 3 шинэ кино ирдэг. Сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн, “Авъяаслаг Оюутолгойчууд” урлагийн тэмцээн гэхчлэн урлаг, спортын тэмцээн уралдаан жил бүр зохиогддог. Энд ажиллаж байгаагийнх Монголын томоохон \"од\"-уудтай, алдартай тамирчидтай, шинэ залуу уран бүтээлчидтэй бүгдтэй нь уулзаж, зургаа татуулсан. Ихэнх ажилчид гэрээсээ хол байгаа учраас тэднийг аль болох уйдаахгүй байлгахад их анхаардаг. Бас ажилдаа дуртай байх, өөрийгөө цаг ямагт хөгжүүлэх тал дээр их дэмждэг. Дэлхийд нэрээ мандуулсан бахархалт тамирчдыг ээлжлэн авчирч уулзалт зохион байгуулж, ярилцах боломж бүрдүүлдэг. Би хааяа боддог юм, өөр ажилд оръё гэхээр сэтгэлд нийцэх ажил олдохгүй л болов уу гэж. Энд чинь жаахан л эвдрэл гэмтэл гарлаа гэхэд тэр тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг шууд засварлаж, ажил зогсоно шүү дээ. Аюулгүй ажиллагаа хамгийн чухал. Хангамж ч сайтай.

\"\"                                                             Ц.Болоржаргалын зургийн цомгоос: Зүүн гар талд Ц.Болоржаргал, баруун гар талд Ч.Баярцогт


-Тэмдэглэлт баяруудаар ажил дээрээ байх тохиолдол олон уу?

-Үндэсний баяр наадмаар ч, цагаан сараар ч ажил дээрээ байх тохиолдол олон. Гэхдээ гэрт байхаас дутуугүй уур амьсгалыг энд бүрдүүлж чаддаг. Наадмаар хуушуур, айраг цагаа элбэг дэлбэг байдаг бол цагаан сараар ууц тавьж, идээ засах гээд. Тэр ч бүү хэл нар харах нэгдсэн арга хэмжээ ч болдог.

\"\"                                                                                                                                                                                     М.Ганбатын зургийн цомгоос

-Ажилчдаа хөгжүүлэх, таатай орчин бүрдүүлэхэд ихээхэн анхаарч, ач холбогдол өгдөг байдал анзаарагдлаа?

-Тийм шүү. Манай уурхайг зорьж ирж танилцдаг, зочилдог хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Ажилчиддаа ч ар гэрийнхнээ авчрах боломжийг олгож байгаа. Маш сайн ажиллавал гэр бүлийн 18-аас дээш насны нэг гишүүнийг уурхайтайгаа танилцуулах боломжийг олгодог. Гэхдээ шалгуур нь мэдээж өндөр. Аюулгүй ажиллагаа, ажлын байрны сайжруулалтад мэдэгдэхүйц үр дүн гаргасан тийм хүн дээрх эрхийг авах жишээний. Энд ажиллаж байгаа хүн бүр Дэлхийн энтэй энэ уурхайд гэрийнхнээ авчирч үзүүлж харуулахыг хүсч байгаа шүү дээ. Тэгтэл сэтгүүлчид та нар хоёр ч удаа ирдэг их азтай хүмүүс юм.

-Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.


Э.ОТГОНТУЯА
  • Отгонтуяа
  • 1566
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313