Монгол үндэстний хамгийн эртний харваа: Түнх харваа

2018 оны 8-р сарын 2 өдөр
 \"\"
Дорнод аймгийн Чойбалсан хотод “Баргажин-2018” олон улсын 4 дүгээр наадам энэ сарын 4-5 өдрүүдэд болох гэж байна. Наадмын үеэр барга угсаатны түүх соёлын онцлог, хэв шинжийг агуулсан Түнх харваа, Толиот бөхийн барилдаан, Барга угсаатны ардын дууны тэмцээн зэрэг олон уралдаан, тэмцээн, үзэсгэлэн болох аж.


\"\"
Түнх харваа нь байгаараа Халх, Буриад харваанаас өөр. Бай нь ойролцоогоор 30 орчим сантиметр тойрогтой, 5 өнгийн цагариг бөгөөд эдгээр нь тус тусдаа сална. Харваачийн оносон цагариг нь цааш сугарч унах ёстой. Голын цагаригийг оновол хамгийн өндөр оноо авах юм. Энэ өвөрмөц байг хоёр баганын хооронд 1,8 метрийн өндөрт татсан суранд өлгөж, 22 нум /ойролцоогоор 36 метр/ - ийн зайтай газраас харвадаг байна. Дээхэн үед хоёр тэрэгний дугуйнаас татаж уясан суранд өлгөн харвадаг байжээ. Сонирхуулахад, Баргын түнх харвааны үүсэл гарлын тухай барга судлаач Шарайд Ц.Түмэн “Түнх гэдэг нь монгол хэлний түнхлэг, тэнхлэг буюу холбоос, гол гэсэн үгийн язгуур. Мөн тэрэгний хоёр дугуй холбосон голыг тэнхлэг гэж нэрлэдэг. Эртний барга угсаатнууд тэрэгний дугуйны голыг бай болгон харваж, цэц мэргэнээ сорьдог байсан юм. Энэ нь тэрэгний дугуйн голоос цухуйсан хамгийн жижиг цэг болох тул тухайн хүний цэц мэргэнийг үнэхээр шалгадаг байв. Улмаар хөгжлийн явцад тэрэгний дугуй адил жижиг бай хийж харван түүнийгээ “түнх” хэмээн нэрлэсэн байна. Үүнээс үзэхэд түнх харваа нь нүүдэлчдийн ахуй амьдралаас гаралтай, монгол үндэстний хамгийн эртний харваа болох нь тодорхой байна” гэжээ.

Нэг үе мартагдаж байсан түнх харвааг 2007 онд Хөлөнбуйр суманд болсон “Баргажин” анхдугаар наадмын үеэр сэргээж, “Түнх” харвах тэмцээнийг аймгийн баяр наадам, үндэсний сурын улсын аваргын тэмцээний үеэр анх удаа зохиосон нь аймгийн сурчид болон олны сонирхлыг ихэд татжээ. Энэ үеэр Улсын гарамгай мэргэн, гавьяат тамирчин А.Цэвээн гуай: “Энэ барга сурын харвааг аймагтаа дэлгэрүүлэх нь зүйтэй, их дур сонирхол хөдөлгөх харваа байна” гэж хэлж байсан гэдэг.


\"\"
  • Отгонтуяа
  • 1338
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313