Бяцхан зүрх зогсохыг хэрхэвч зөвшөөрч болохгүй

2018 оны 7-р сарын 2 өдөр
 \"\"
Хүүхэд гэдэг бидний амьдралын аз жаргал, баяр баясал, эх орны минь ирээдүй. Гэтэл хоёрхон долоо хоногийн хугацаанд олны сэтгэлийг сэрдхийлгэж, айдаст автуулан гурвын гурван бяцхан зүрх үүрд зогслоо. Өвчин зовлон бол хүлцэхсэн. Гэвч хэн нэг хариуцлагагүй том дарга, тоомжиргүй ажилтан, увайгүй аав ээжийн буруугаас далавчаа ч дэвж амжаагүй “бяцхан шувуухайнууд” нүд анилаа. Хэрвээ тэр хөлбөмбөгийн талбай стандартын дагуу баригдсан байсан бол, тэр эмийн сан цахилгааны утсаа аюулгүй болгосон бол энэ их гомдол цөхрөл, уур бухимдал, айдас хүйдэс олныг нөмрөхгүй байлаа. Олны сонорт хүрсэн нь энэ болохоос биш хичнээн хүүхэд хорвоогоос ийн эмгэнэлтэйгээр буцаж буйг бид таашгүй. Одоо бидний нүдээ нээж, сэрэх цаг. Би л өртчихгүй бол, миний хүүхэд л өртчихгүй бол гэж алдаа дутагдал, аюул ослын хажуугаар дуугүй өнгөрдөг хувиа хичээсэн, бэртэгчин зангаа таягдан хаях цаг болсныг дээрх үйл явдлууд яс маханд шингэтэл ойлгууллаа гэхэд хилсдэхгүй л болов уу.

Уншигч та манай аймагт ийм явдал болоогүй юм чинь гэж бодож байвал тэр эндүүрэл. Өнгөрөгч 4 дүгээр сард Хэрлэн сумын 6 дугаар багт муу усны нүхэнд 6 настай хүүхэд унаж нас барсан эмгэнэлт хэрэг гарсныг ахиад нэг сануулчихъя. Цахим орчинд бидний хараан зүхэж, халаглаж байгаа энэ “муухай” нийгмийг сайхан болгох хүмүүс нь бид. Бид өөрчлөхгүй юм бол өөр хэн ч гэж. Та яг одоо гараад ойр орчноо хар. Таны ойр тойронд хүүхдийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулахаар ямар нэг эрсдэл байвал аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэдэгдэж, иргэний үүргээ заавал биелүүлээрэй.


\"Дорнод\" сонин. 2018.06.25 №24 /615/
  • Отгонтуяа
  • 481
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313