ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨР ЖИГҮҮРЛЭСЭН ТАМИРЧИН ЗАЛУУ

2024 оны 1-р сарын 8 өдөр

Хөдөлмөрийн үр шим цаг хугацааны эрхээр ялгардаг. Тик токоор буриад монгол амьдрал ахуйн бодит төрхийг зураглаж олон нийтийн хараа, сонорт хүрч чадсан Хөлөнбуйр хотын Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн баруун сумын Тэмээн хүзүү гацаанд нутагтай тамирчин залуу Мөнхнасантай дотнохон яриа ийн өрнүүллээ.
Тик токоор нийтэлсэн өвөө эмээ, өхөөрдөм хөөрхөн гөлөг, хурга, ишигний бичлэгийг хараад амьдралд ямар их хайртай хүн бэ хэмээн  бодогдуулам. Үнэхээр ч амьдралд хайртай, спорт урлагт дуртай дүү нартаа тус дэм л болчих юмсан гэж тэрбээр хүсэн мөрөөддөг. Мөнхнасан арван дөрвөн настайдаа хөл бөмбөгийн тамирчин болохоор Улаанцав хотын Спортын сургуульд элссэн боловч таеквондогийн ангид оржээ. Хэдийгээр өөрийн дур сонирхлынхоо дагуу хөл бөмбөгчин болж чадаагүй ч таеквондо сурсан тэрээр уралдаан тэмцээнд амжилттай оролцож, багш, хамт олноосоо эхлээд олон олон хөгжөөн дэмжигчтэй болсон нь залуу насных нь бахархал болон үлджээ. Тэр сургуулиа амжилттай төгсөж нутагтаа буцаж, хоёр гурван жил хөдөө ажиллаж байгаад Эвэнки үндэстний өөртөө засах хошуу, Хайларын спорт сургалтын төвд цалин хэдий багатай ч таеквондогийн мэргэжлийн багшаар ажиллаж байжээ. Ийнхүү 2015 онд Хайлар тойрогт Шан Үү Ше таеквондогийн клуб байгуулж анхны ажлын гараагаа эхлүүлсэн юм. Клуб нь эхлээд цөөхөн гишүүнтэй байсан бол сүүлдээ олон хүүхдийн зорин очдог клуб болсон байлаа.
Мөнхнасан зөвхөн таеквондогийн клуб байгуулаад зорилгынхоо сүүлчийн цэг гэж харсангүй. 2015 онд “Шинэхэн 0470 залуучуудын хөл бөмбөгийн клуб”-ээ байгуулж одоо болтол залуучууддаа үнэ төлбөргүй хөл бөмбөгийн ур чадвар заахын сацуу өөрөө ч хөл бөмбөгөө тоглож байна.
Амьдралд  хайртай хүнд амьдрал өөрөө хайрын илчээ тусгадаг юм байжээ.
Тэр хөдөөгийнхөө амьдралдаа ч бас их хайртай учир тик токоор цацах бичлэг бүхэн нь хайр шингээсэн мэт харагдаж, хөдөө байхдаа Буриад амтат идээгээ хийгээд тик токоор цацахад олон хүмүүсийн сонирхлыг өөрийн эрхгүй татаж байв. Ийнхүү тамирчин хүү “Хөх толботон хоолон гэр”-н бизнесээ эхлүүлж, түүний хийсэн амтат хоолыг идэх гэж зорьж очдог хүмүүс дугаарлан зогсох болжээ.
— Би өөрийн амьдралаа зураг, бичлэгт буулган тик токоор цацах дуртай,  үүгээрээ хүмүүст  Хөлөнбуйр гэдэг жинхэнэ ажил үйлс, амь амьдрал бялхсан орон шүү гэдгийг хүн бүрд таниулахыг хүсдэг гэж байлаа.
Түүний хийж буй ажил үйлс, ирээдүйн их хөрөнгө оруулалт нь хөдөөгийн бор амьдралд хайраа шингээж, амьдрал гэх их хуудсанд хайр буюу сэтгэл гэх хоёр үсгийг сийлсэнтэй шууд холбоотой юм .
Түүний хайр бялхсан амьдралын хуудсны итгэл бишрэл, энэрэл хайр тодрон гэрэлтэнэ .
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 252
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313