АЯСХАН ДОРНОДЫН ЧОЙБАЛСАН ХОТОД БОЛСОН “АГЛАГХАН ТАЛААСАА” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ

2023 оны 10-р сарын 27 өдөр

      Дорнодын “Эрээнцавын” гэж алдаршсэн гэгээн их найрагч Данзангийн Нямсүрэн андын минь нэрэмжит “Агланхан талаасаа” яруу найргийн анхдугаар наадам Дорнод аймгийн Чойбалсан хотод болж “АМИТАБА” өргөмжлөлийн эзнээр Дарьганга нутагт төрж аугаа Дорнодын тал нутагт өссөн, энэ л нутагтаа хөлөө олж хөг аялгуугаа тааруулж яваа авьяаслаг яруу найрагч Наваанжамбын Мөнхсайхан тодорлоо. Анхдугаар наадам хэмээн тодотгохын учир гэвэл их найрагчийг тэнгэрт дэвшсэнээс хойшхи 20 гаруй жилд Д.Нямсүрэнгийн нэрэмжит хэмээн нэрийдсэн “Улз голын тугуйлан” “Талын шүлэг” зэрэг наадам хэдэнтээ болж хол ойрын шүлэгчид, зочид гийчид олонтаа ирж очиж байсан авч яг Дорнод аймаг даяараа хөдлөн аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан нь яах аргагүй энэ удаагийнх байсны учир анхдугаар хэмээн нэрлэгдэх учиртай болсон авай. 
      Тээр жилийн “Болор цом” наадмыг эс тооцохын учир яруу найрагт чин сэтгэлээс шимтэн дурлагч Дорнодчуудын хувьд энэ удаагийн “Аглагхан талаасаа” наадам том баяр, том хүндэтгэл байлаа. Нийт 70 шахам яруу найрагч бүтээлээ ирүүлснээс сонгон шалгаруулж урьсан 20 найрагч дотор Болор цомын эзэн найрагч гурав ч харагдана лээ.Сүүлийн үеийн бүхий л яруу найргийн наадмыг алгасалүй шалгарч ихэнхдээ айрагдаж яваа авьяаслаг, онгод хийморь төгөлдөр залуусын төлөөлөл ч олон байсан. Мань мэтийн хуучцуулаас бас ганц нэг. Наадмыг нээж Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн хэлэхдээ -Өнгөрсөн жил Д.Нямсүрэнгийн уран бүтээлээр яруу найргийн уншлага зохион байгуулсан. Тэр үеэр Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Н.Алтанцэцэг захиралтай Аймгийн төв номын сан, П.Гэрэлхүү эрхлэгчтэй МЗЭ-ийн Дорнод салбар, “Алтан гадас” одонт ХДТеатр, Чулуунхороот сумын ЗДТГ, их найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд бид хамтран энэхүү наадмыг үндэсний хэмжээнд зохиохоор шийдвэрлэж өнөөдөр санасандаа хүрч байна. Энэ наадмыг цаашид уламжлал болгон 3 жил тутам зохион байгуулах болно. Их найрагчийн уран бүтээлийг судлан алдаршуулах, олон түмний хүртээл болгоход аймгийн удирдлага бүх талын туслалцаа үзүүлж хамтран ажиллах болно хэмээн тодотгосон. Тэгээд л МҮОНТВ-ийн нэрт хөтлөгч, СГЗ Б.Гантигмаагийн хөллөгөө, хөтөлгөөн дунд Баянтүмэний гэгээн үдшийн тэнгэр дор шүлгээ дуудахаар ХДТ-ын тайзнаа гарсан 19 яруу найрагчаас шүүгчдийн оноолтоор Н.Мөнхсайхан тодорч бусад 18 яруу найрагчид бүгд Д.Нямсүрэнгийн хишигт найрагч хэмээх өндөр цол, өнгөт цомын эзэн болцгоож магнай тэнийцгээв. Наадамд уншигдсан шүлгүүд чансаатай, чансаагүй, орчин үеийн Монгол яруу найргийн түвшинд бичигдсэн бичигдээгүй, ачүүхэн шүлэгч надад таалагдсан таалагдаагүй зэрэг асуудал бол энэ удаад миний мэдэж хөндөх асуудал огт биш юм. МЗЭ-ийн орлогч дарга, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч П.Нямлхагва ахлан МУСГЗүтгэлтэн, нэрт гүүш Ж.Нэргүй, судлаач, сэтгүүлч, СГЗ Л.Хэрээ, яруу найрагч Ц.Төртайван, П.Гэрэлхүү нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг дүнгээ гаргаад танилцуулсан. Танхим дүүрэн үзэгчид талархан алга ташиж хүлээн авсан. Дорнодын тал нутагтаа уран бүтээлээ туурвиж нутгийн зон олныхоо дунд уярч хайрлаж унаж босч яваа иртэй, эрчтэй яруу найрагч Н.Мөнхсайханыг –Чи Дорноддоо ямар олон фэнтэй юм. Чиний шүлэг яахлаараа түрүүлдэг юм гэж баалалтай ч биш. Тэгээд ч яруу найрагт өнөөг хүртэл хэн нэгний тогтоочихсон үнэлэмж, тов тодорхой хэв загвар, хэмжээ дамжаа ч алга л байна. Манай эрхэм судлаач, шүүмжлэгч, эрдэмтэн мэргэдийн зүгээс ч би очоод ягштал сайхан шүүгээд өгчихье гэсэн санал санаачлага ч дуулдсан биш. Дорнодынхон бид л Эрээнцав нутагтаа насан элэгдтэлээ сууж Монголын яруу найргийн нэгэн сод оргил болсон Д.Нямсүрэнгээ хүндэтгэн дурсаж гэр бүлийхнийг нь баярлуулж үзэг нэгт нөхдөд хишиг буяныг нь хүртээлээ. Шүлгээ сайтар сойж үзгээ сайхан хурцлаад гуравхан жилийн цаахантай хүрээд ирцгээ гэж урилаа. Өөр яалтай билээ л... Үгийн далимд дуулгахад эрдэмтэн зохиолч, доктор профессор До.Цэнджав абугай Д.Нямсүрэнгийн маань “Би цас болно” хэмээх шүлгийг задлан илтгэл тавина гэж байснаа энэ удаад очиж амжсангүй гэдгээ хэлсэн. Шүлгийг ур чадвар, утга агуулга, үг зүй, үзэл санаа, үнэн дүрийн хувьд задлан шинжилж эрдэмтэн хүний үнэн үгийг хэлнэ гэдэг ямархан том тэсрэлт болох бол оо гэж ихэд горьдсон мань мэтэд харамсалтай байсан ч цаг цаас хоёр хангалттай тул хүлээхийн хүрдэнд ороогоод энэ удаад тэвчсү. Харин аливаа наадмыг /тэр тусмаа яруу найргийн наадам мэт үгийн урлагийн наадмыг/ шүүн тунгааж байр онооно гэдэг ямархан нажидтай ажил болохыг наадмыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнд сүүлчийн мөч хүртэл шүүгчид олдохгүй, бүрдэхгүй байснаар, оноож товлосон шүүгч хийх хүмүүс нь хүрэлцэн ирээгүй мэт шалтгаанаар, нэрт гүүш Ж.Нэргүй зэрэгтэн л лав ихээхэн дурамжханаар шүүгчээр суух болсон зэргээр тухайлж болох мэт. Тэгээд ч энэ удаагийн наадамд бараа дүр харсангүй, бага ихээр нь багцалсангүй, гоёлын дээлээ өмсөж шүлэг сонсохоор ирсэн гоо бүсгүйчүүд голдуу Дорнодын үзэгчдийн таалал, таашаалд ч нэг их автагдсангүй өөр өөрийнхөөрөө шүүн тунгаасан эрхмүүдэд үнэхээр талархалтай. Нарлаг талын Баянтүмэн буюу Чойбалсан хотод минь ийм нэгэн наадам болоод өнгөрлөө. Чин сэтгэл гаргаж гар татганалгүй зохион байгуулсан Засаг дарга М.Бадамсүрэндээ, ачааны хүндийг үүрч ажлын ихийг нугалсан Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит номын сангийнхандаа,  Д.Нямсүрэнгийн минь гэргий жаахан Хандмаа, охин Н.Цасанчимэг нартаа, наадамд нэр шалгараагүй ч сэтгэлийн дуудлагаар хүрэлцэн очиж мялаасан УГЗ, “Болор цом”-ын эзэн Н.Лутбаяр, СГЗ, яруу найрагч С.Амартайван нарын нөхөд, Улаанбаатар, Сүхбаатар, Хэнтийн уран бүтээлчид та бүхэнд талархая. Таалал орших болтугай. 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Жамбалгарав

  • Туяа
  • 212
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313