Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Ван Жинхай

2018 оны 3-р сарын 6 өдөр
 \"\"
Шинэ барга баруун хошууны Алтан-эмээл хотын оршин суугч 85 настай Ван жинхай бол ясны дархан хүн. Тэрээр багын л гарын дүйтэй, юм юм сонирхсон хөдөлгөөнтэй хүүхэд байж. Бага байхаасаа л ойрын төрлийн ур дарх хийдэг өвгөцүүлээсээ гар урлалын зах зухаас заалгаж байсан гэдэг. Ван жинхай гуай 1950-аад оны үед Монголд амьдарч байхдаа алт мөнгөний дархан хийдэг нэгэн өвөөтэй сайхан нөхөрлөдөг байв. Тэнд л анх уран дарханы арга ухааныг заалгаж, Улаанбаатар хотын Урт цагаанд мөнгөний дархан хийж, ажлын гараагаа эхэлжээ.

\"\"
1980-аад онд Шинэ барга баруун хошуундаа ирж, тэр үеэс хойш одоог хүртэл Монгол уран дарханы ур хийц, арга ухааныг хөгжүүлж, үр хойчдоо зааж сурган амьдарч байна. Уран дарханы арга ухаан бол соёлын биет бус өв яах аргагүй мөн. Энэ их соёлын өвөө хойч үедээ залгамжлуулах зорилгоор үр хүүхэд, төрөл садан, нутгийн залуучууддаа үнэ төлбөргүйгээр зааж сургасаар ирсэн. Түүнд 200 гаруй шавь бий. Өдгөө Өвөрмонголын Туньлё, Хянган, Хөх хот, Улаанхад, Хөлөнбуйр зэрэг хотуудад мөнгөн дарханы урлалын газартай болоод байна.
Ван жинхай гуай одоо 85 насыг зооглож яваа хэдий ч хараа хурц, гарын ур дүйтэй хэвээрээ. Дарханыхаа ажлыг цаг завгүй хийж суухдаа ядарсан ч шинжгүй харагдана лээ. Нэг мөнгөн эмээлийг тоноглолтой нь чимэглэж мөнгөлж дуусгахад багадаа хагас сар, ихдээ нэг сар л болно. Мөнгөн даруулга тоноглол чимэхэд хэрэглэгдэх цоолбор, сийлбэрийн хутгаа ч өөрөө хийнэ. Ер нь дарх хийхэд хэрэглэх багаж хэрэгслээ цөмийг нь өөрөө хийдэг юм билээ. Нэрлэвэл, хөөргө, дөш, алх, хайч, хутга, сийлбэр, лав гээд л тоо томшгүй олон хэрэглэгдэхүүн бий гэнэ.

\"\"
Ямарваа нэг зүйлийг мөнгөлж чимэглэх бол хамгийн түрүүнд мөнгөө урьдчилж бэлтгэнэ. Эхлээд мөнгөө хайлуулна, давтана, дараа нь мөнгөн утас татна, түүнийгээ эрчилнэ, сүлжинэ, томно, тавлана гээд бэлтгэл ажил их ээ. Энэ бүгдийг өөрийн гараар хийдэг гээд бодохоор өглөө наран мандахаас үдшийн бүрий болтол ундарсан их ажлын ард гарч байгаа биз. Асар их тэвчээртэй, сэтгэлийн хаттай хүн болох нь эндээс харагдана.
Нутаг усныхан нь түүнийг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч хэмээн хүндэлж, тэр хэрээр Ван жинхай өвөг дээдсээс уламжлан ирсэн арга ухаанаа шавь нартаа зааж сургаж, цаашид улам дэлгэрүүлэхээр мэрийн шамдаж буй. Тэрээр “Соёлын биет бус өв гэдэг нь түүнийг тээж байгаа хүн нь үгүй болчихвол түүнтэйгээ хамт байхгүй болчихдог ямар ч биегүй, хийсвэр зүйл юм шүү дээ. Тиймээс өвөг дээдсээс улбаатай ёс заншил, арга ухааныг залуучууддаа зааж сургаж өвлүүлэх хэрэгтэй. Харин түүнийг залгамжлах үр хүүхдүүд нь ёс заншлаа хадгалж хамгаалах шаардлагатай” хэмээж байсан юм.

\"\"
Монгол үндэстний уламжлалт гар урлал бол Монгол соёлын нэгээхэн чухал элемент мөн хэдий ч ойрын жилүүдэд гар хийц, урлал хийдэг хүмүүс цөөрсөөр байна. Улмаар Монгол уран дарх, хийц, гар урлалын өв соёл, мэргэшил хаягдан мартагдах хэмжээнд хүрсэн энэ үед Ван жинхай шиг соёлын биет өвийг өвлөн уламжлагчдаасаа суралцах зүйл их бий.

Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн
  • Отгонтуяа
  • 528
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313