ТҮҮНД БАРИА ГЭЖ ҮГҮЙ

2023 оны 8-р сарын 30 өдөр

Хөрөг найруулал
Тэр явж л байх...явж л байх. Өглөө эрт гэгч нь гэрээсээ гарч явна. Хүйтэн бороо, ширүүн салхи, өвлийн жавар, зуны халууныг үл ажран явж л харагдах. Дэргэдүүр өнгөрөх машин тэрэг, хажуугаар зөрөх хүн зоныг анзаарах нь үгүй.
    Түүнтэй яг хэзээ танилцсанаа би мэддэггүй юм. Гудамж талбай, хурал цуглаан хаана л бол хаана тааралдсаар нэг л мэдэхэд танил болжээ. Амьдрал олон хүнтэй учруулдаг ч далд ертөнцийг нь нээхсэн гэсэн адын гэмээр хүсэлд автуулдаг нь цөөн. Бурханы хайр хишгийг дутуу хүртэн энэлж шаналж яваа хүмүүсийн төлөө энэ насныхаа амьдралыг тэр чигт нь зориулж яваа нэгэн эрхэмийн хөргөөр уншигч тантай уулзаж байна. Тэр бол Дашийн Батхуяг.
    Зургаан настай байхдаа гүйж яваад шалан дээр халтирч унасанаас насны бэрхшээл амсаж яваа нэгэн. Аав, ээжээсээ их эрт хагацсан болохоор тэднийхээ төлөө хийж чадаагүйгээ  гүйцэлдүүлэх гэхдээ өөртэйгээ зовлон нэг хүмүүсийн төлөө зүтгэхээр тэр шийдсэн.  Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт Үйлдвэрчний эвлэлүүдийн  Холбооны Дорнод аймаг дахь зөвлөлийг анх удаа орон нутагтаа байгууллаа. Энэ бол 2007 он. Улаанбаатар хотод таван жил хэртэй энэ чиглэлээр ажиллаж хурааж хуримтлуулсан туршлага түүнд байсан хэрэг. Судалгаа хийж, хүмүүстэй уулзаж ярилцаад эхэлсэн нь тэд эрхээ хамгаалуулах хууль дүрэм байдгийг мэдэх нь бүү хэл энэ тухай олж сонссон хүн ховор  байж. Тийм болохоор хууль, дүрэм журмыг сурталчлан таниулахаас ажлаа эхэллээ. Энэ олон хүний итгэл өвөрлөн  тус Холбооны аймгийн зөвлөлийн даргаар сонгогдсон энэ л үеэс Батхуяг эд юм, элдэв зугааг үл огоорч тэдний төлөө  зүтгэх болсон. Өглөө бүр нэг хүний,  угтаа бол ядарч цөхөрсөн нэг өрхийн асуудалтай нүүр тулна. Группт оруулах, асран хамгаалагч тогтоох, янз бүрийн хөнгөлөлтөд хамруулах, хөдөлмөрийн чадвартайг нь ажилд зуучлах гээд баг хорооноос эхлээд холбогдох байгууллагуудын хаалгыг татна. Уулзана, ярилцана. Олон дунд ороход олон янзын авир араншин гардаг хойно доо. Хүний бие эрхтний согогоор гаднаас нь хараад басамжлан харьцдаг нь байхад бас хүндлэн хайрлах нь ч бий. Батхуяг “Би л явах ёстой. Надаас өөр хэн ч үгүй” гэсэн хэтийдсэн бодолдоо хэт автсан болохоор тэр үү хэн нэгэнд гоморхох юм уу, өөрийгөө голж гунисан царай түүнээс харагдахгүй. Тиймдээ ч өөрийн зовлон зүдүүр, өвчин эмгэгээ үл тоон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө тэр 17 жилийн турш “тэмцжээ”. Түүнд цалин, алдар нэр аль нь ч байгаагүй. Түүний төлөө би яваагүй гэж бардамнах. Тэтгэмжийн гурван зуун мянган төгрөгөөр амь зууна. Ажил хийж  яваа хүнд алдаа оноо байж л байдаг. Гэнэгүй явж байгаад өр төлөөсөнд орох энүүхэнд. Хоёр жилийн өмнө юм.  Өөрсдийн дундаас дуулж хуурддаг хэдэн хүнээ аваад ахмадын байгууллагын машин хөлслөөд хөдөө сумдаар тойрчээ. Тоглолтын багахан орлогоор зардлаа нөхнө гэж  тооцоолсон нь ёстой л “их санасан газар есөн шөнө хоосон” гэгч болох нь тэр. Эцэстээ энэ асуудал нь шүүхээр шийдвэрлэгдэж, ингэлээ гээд Батхуяг хэн нэгнээс өмгөөлөл горьдож, аврал хайсангүй. Хувьдаа аваад завьшчихсан биш, арай ч дээ гэвэл, “Тэр яах вэ, талыг нь барагдуулчихсан. Одоо 200 мянгын үлдэгдэлтэй. Өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтан ирж уулзаад “дансыг чинь хаана, орон гэр, эд хогшлыг чинь битүүмжлэнэ” гэсэн. Яаж ийгээд төлчихнө өө” гэх ярианаас нь эр хүний зангарга цухалзах. Насаараа өрөөлийн төлөө зүтгэсэн түүнийг олигтойхон орон гэргүй явж ирсэн гэвэл үнэмших хүн цөөн л болов уу. Өвөл, зуны амбаарархуу юманд амьдарч байгаад ердөө хоёр жилийн өмнө Их хурлын гишүүний “хаялгаар” таван ханатай гэртэй болжээ. Аймгийн төвөөс алслагдмал газарт зай олж гэрээ дугуйлсан ч хашаа хатгаж чадаагүй л явна. Эр бие ганц хүн түлээ нүүрсээ бэлтгэх, худгаас усаа татах гээд хүндрэлтэй. Харин өнгөрөгч өвлийн хэдэн сарыг дулаан байранд угтаа албан өрөөндөө өнгөрүүлжээ. Гэтэл “орон гэр, албан контор нь ялгагдахаа байлаа, мөнгө төгрөг уусан идсэн, авилга хээл хахууль авсан” ч гэх шиг хүн тоож шиншлэхээргүй яриа хэл үе үе гардаг ч “үд өнгөрөхөд арилах сүүдэр” гэж тэр үл тооно. 
     Амьдралын сорилт бүхнийг Батхуяг өөрийнхөөрөө туулсаар...Өрөөлийн өмнө өөрийгөө тавьж ирсэн бол аль хэдүйн хүний дайтай амьдралаа босгочих л байсан. 1990 онд Улаанбаатар хотод 13-р хороолол шинээр ашиглалтад ороход Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд арван байр хуваарилах ажлыг тэр гардан гүйцэтгэсэн. Би яах вэ, дараа нь болно биз гээд хойш тавьсан. Мөн гаднын зээл тусламжаар ирсэн тахир дутуу хүнд зориулсан машины хуваарилалтад багтах  боломж байсан ч мөн л хойшлогогүй хандсан. Хэдэн жилийн өмнө Дорнодынхоо залуучуудын эрхийг хамгаалж Газрын тосны хөдөлмөр зуучлалын “Зөв боломж” компанитай үзэж тарсан. Сүүлдээ тэд Батхуягийг “барж идэхгүйгээ” мэдэж өөрийг чинь сард 700 мянган төгрөгөөр цалинжуулъя гэсэн саналыг тавихад нь нөгөө л шулуун шударга зангаараа тас гэдийж дээрх компанийг буулгаж авсанаар энэ компанитай холбоотой хүний эрх зөрчсөн тухай  асуудал цэглэгдэж, цэгцлэгдсэн. 
     Халамжийн тэтгэвэр тогтоолгосон Хөгжлийн бэрхшээлтэй хүн хорвоогийн мөнх бусыг үзүүллээ гэхэд төрөөс оршуулгын зардал олгодоггүй байж. Адилхан хүн, бүгд хүний хорвоод ирээд буцдаг нь жам хойно ийм гадуурхал байж таарахгүй гээд Батхуяг ёстой л хөлөө хүрэх газар явсан гэдэг. Ингэсний хүчинд Их хурлаар  хуулинд шинээр заалт оруулж чадсан. Энэ бол миний санаачлан хөөцөлдөж үр дүнд хүрсэн Үндэсний хэмжээний том ажил маань юм гэж байв.
      Аймагтаа анх удаа ХБИ-ийн чуулган, Олон улсын чанартай спортын уулзалт тэмцээн гээд түүний санаж сэдсэн ажил олон. Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаан, олон нийтийн хурал цуглаан, тэр ч бүү хэл барилга байгууламж хүлээж авах аймгийн комиссод багтан хаана л бол хаана тэр явж л байх. Нөгөө л хүмүүсийнхээ эрхийн төлөө үгээ хэлнэ, үзэл бодлоо уралдуулна. Өнгөрсөн жил гэхэд зөвхөн “Шинэ Халхгол” төслийн ажлаар  хэд хэдэн удаа Халхгол сумыг зорьжээ. Барилга байгууламжийн явцтай танилцах, барилгыг хүлээн авах. Гэлээ гээд түүнд томилолтын зардал нэг төгрөг ч олдохгүй. Хууль эрх зүйн зохицуулалт байдаггүйгээс тэр.  Гурван жил гаруйн өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын Орон тооны бус зөвлөх гэсэн сүрхий улаан үнэмлэх гардаж, урамшил хүртэл аваад эхлэхэд нь бидний үгийг яаманд хүргэх хүнтэй боллоо гээд Батхуягаас илүүтэйгээр гишүүд нь хөөрцөглөсөн. Гэтэл засаг төр солигдоод таг чиг болжээ.
Амьдралын үүх түүхээ хүүрнэн суух түүнд “Та Хүний эрхийг хамгаалагч мөн үү?” гэсэн асуултыг тавьбал “Мөн” гэснээ “Энд тэндээс энэ чиглэлээр ирж сургалт семинар зохион байгуулдаг хүмүүс Та нар бол Хүний эрхийг жинхэнэ хамгаалагчид” гэж хий хоосон хэлэхээс биш бидэнд хүнд үзүүлэх алга дарам цаас ч байхгүй шүү дээ. Миний хувьд Үйлдвэрчин, сайдын зөвлөх гээд цалингүй ч гэлээ сонгуульт ажил үүрэг маань дархлаа болдог юм. Хүний эрхийн Үндэсний комиссын орон нутаг дахь “гар хөл” нь болж яваа биднийг энэ байгууллага  үнэндээ тоодоггүй” гэж байлаа.  
      Батхуягтай уулзаад суух тэр мөчид энэ хүнд алхам бүрээр нь хэмжигдэх ямар их тэвчээр, зүтгэл, зориг, хатуужил, ганцаардал байдгийг  олж мэдэрсэн. Туулсан зам нь түүний алдар гавьяа юм. Түүний хүсэл мөрөөдөл мохохгүй. Яагаад гэвэл Дашийн Батхуяг бол Хүний эрхийг хамгаалагч зоригтон.  Дорнодод 4300 гаруйгаар тоологдох энэ хүмүүс зөв цагт зөв хүнээрээ “замчлуулж” урагш явж байна. 
   “Тэргэнцэртэй болсон ч энэ ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх болно. Зогсох, няцах эрх надад байхгүй” гэж тэр хэлсэн. Тийм ээ, тэнхээ тамир нь барагдсан ч тэсвэр тэвчээр нь хаа хүрэхийг хэн ч мэдэхгүй. Түүнд бариа гэж үгүй.

Б.ТУЯА

  • Туяа
  • 494
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313