ТӨРИЙН БОДЛОГОД ИРГЭДИЙН БҮТЭЭЛЧ ОРОЛЦОО ЧУХАЛ

2023 оны 2-р сарын 9 өдөр

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Төмөрбаатарын Лхамдулам:
Хэрлэн сумын 11 багт “дархлагдчихсан” хэдэн багийн Засаг дарга бий. Ааваараа овоглохоос илүү ажлаараа тодотгогдсон тэдгээрийн нэг нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Лхамдулам юм.  Тэрээр 2020 оны Орон нутгийн сонгуулиар Хэрлэн сумын хоёрдугаар багаас Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.  2016-2020 онд Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч, Булган сумын ИТХ-ын төлөөлөгчөөр  2 удаа сонгогдон ажилласан орон нутгийн улс төр, төрийн албаны туршлагатай хүн юм.  -Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Ярилцах урилга хүлээн авсанд баярлалаа. Таныг хоёрдугаар багийн Засаг дарга гэдгээр хүмүүс андахгүй. Энэ багтаа Засаг даргаар хэдэн жил ажилласан бэ? 
-Сайн байна уу? Та бүхний ажил тавтай юу? Би 2005 онд Хэрлэн сумын хоёрдугаар багийн Засаг даргаар анх сонгогдсон. Тэр цагаас хойш тасралтгүй энэ албыг хашиж, өнгөрсөн жил ажлаа өгсөн. Ингээд бодоход 17 жил төрийн захиргааны анхан шатны нэгжид ажиллажээ. Одоо бол залуусын үе ирсэн. Залуучуудад байр сууриа тавьж өгөх хэрэгтэй биз дээ. Манай багийн зохин байгуулагчаар ажиллаж байсан залуу хүн багийн Засаг даргаар сонгогдсон.  Хүн ямар ч ажлыг анхан шатны нэгжээс нь эхэлнэ гэдэг асар их тушлага хуримтлуулдаг юм байна. Төрийн албанд хөл тавьж буй залуус засаг захиргааны анхан шатны нэгжид ажиллаж үзээсэй гэж боддог. Багийн ажлын албанд их юм сурна.  Хүнтэй харьцаж сурна, үг дааж сурна, шийдэл хайж сурна. Багийн Засаг дарга  багийнхаа иргэдийн хорвоод хүн болж төрсөн тэр цагаас нь насан эцэслэх хүртэлх нийгмийн харилцаанд нь хамт байдаг. Иргэд амьдралын баяр жаргал, зовлон зүдүүрээ хуваалцана, багийн ажлын албанд хандаж шийдвэрлүүлнэ, санал хүсэлт гаргана шүү дээ. Иргэний амьдралтай хамгийн ойр улс төрийн албан тушаалтан бол багийн Засаг дарга. 
-Та багш мэргэжилтэй билүү? 
-Тийм. Би 1984 онд Булган суманд багшаар томилогдон ажлын гараагаа эхэлж, дараа нь Цагаан-Овоо сумын  сургуульд 3 жил багшилсан. Боловсролын байгууллагад 18 жил ажилласан. Ажил амьдралын гараагаа гэгээн сайхан зам мөртэй, хүүхэд шуугисан  өргөөнөөс  эхэлсэндээ баярлаж , бахархан дурсах дуртай. 
-Багийн Засаг дарга яаж ажиллавал багийнхаа иргэдийн итгэлийг хүлээж чадах вэ? Таны ажилдаа баримталж ирсэн зарчим?  
-Одоо цагт хүмүүс  “ өө сошиалаас мэдээлэл авчихна” гэдэг л болж. Гэтэл цахим орчин дахь бүх мэдээлэл үнэн биш, баттай эх сурвалж болж чадахгүй.  Иргэд төрийн мэдэээллийг хамгийн түрүүнд авах нэгж бол багийн засаг даргын ажлын алба. Багийн ажлын алба бол иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх анхан шатны нэгж.  Хүн болгон ажилдаа баримталдаг зарчимтай, өөрийн гэсэн арга барилтай. Хорь  шахам жил багийн Засаг даргаар ажиллахдаа баримталсан миний зарчим их энгийн. Иргэн засаг захиргааны анхан шатыг зориод ирэхэд багийн ажлын алба “мэдэхгүй” гэдэг хариултыг өгч болохгүй. Багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтандаа “Иргэд асуудлаа шийдүүлэхээр ирэхэд тийшээ, ийшээ яв, тэндээс  эндээс асуу гэж битгий хэлж байгаарай. Иргэн  хандсан л бол тухайн хүнд бүрэн дүүрэн хариултыг өг, мэдэхгүй бол мэддэг нэгнээс тодруулж өг, асуудлыг нь шийдэхгүй ч хамааралтай байгууллагатай нь холбож өг” гэдгийг байнга хэлдэг. Ингэж ажиллавал төрийн үйлчилгээ шуурхай хүрч , багийн ажлын алба төр иргэний гүүр болж ажиллаж чадна.  
-Багийн тань иргэдийн амьдралын төвшин ямар байна?
-Багийн Засаг дарга нар иргэдийн амьдралын чанарыг хамгийн сайн мэдэх хүмүүс.  Өнөөдөр иргэдийн амьдралын төвшин цаасан дээрх судалгаатай, судалгаагүй ил тод харагдаж байна шдээ.  Хоёрдугаар багийн Засаг даргаар 2005 онд сонгогдоход манай баг 680  өрхтэй 3600 хүн амтай байсан бол одоо 1600 өрхтэй, 5980 хүн амтай болжээ.  Манай багийн ихэнх өрх ногоо тарихаас гадна хэрчсэн гурил, талхны үйлдвэр, зайрмагны цех, хувцас оёдол гэх мэт  хувиараа хөдөлмөрлөж, өрхийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бий. Ард түмэн амьдрах гэж үнэхээр мачийж байна. Төр жаахан л дэмжээд өгөх хэрэгтэй. Үйлдвэрийг  олноор барих хэрэгтэй гэж боддог.  Хүнсний үйлдвэр, арьс ноос ноолуурын үйлдвэр, бараа бүтээгдэхүүний үйлдвэр баригдах юм бол олон хүн ажлын байртай болохоос гадна дотоодын бүтээгдэхүүнээр хангагдана. Үйлдвэр байхгүйн улмаас түүхий эдээ хямдаар гадаад руу гаргаж байна. Эргүүлээд үнэтэй, чанаргүй бараа материал, эрүүл ахуйн стандартад нийцээгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг циклээр л амьдраад байна. Амьдралын баталгаа ажлын байр шүү дээ. 
-Орон нутгаас хэрэгжүүлж буй бодлогод иргэдийн амьралд нүдээ олсон ажил юу байна? 
-Аймгийн Засаг даргын санаачлагаар хэрэгжүүлж буй “10000 хүлэмж төсөл” байна. Хоёрдугаар багийн ихэнх айл өрх нарийн ногоо тарьж өрхийн хэрэгцээгээ хангаж, өрхийн орлогоо бүрдүүлдэг. Ногоо тарьдаг өрх бүр хүлэмжтэй, зоорьтой болчих юмсан гэдэг.  Манай аймагт “10000 хүлэмж хөтөлбөр” хэрэгжиж дуусахад хоёр айлын нэг нь хүлэмжтэй болох юм билээ. “Хүлэмж” төслийн хамгийн том зорилго нь иргэдээ эрүүл хүнсээр хангах. Өөрсдөө ногоогоо тарьчихдаг бол урд хөрш орноос хүнсний ногоо авах шаардлаггүй болно.    Хамгийн наад зах нь гэр бүлээрээ хүлэмжинд ногоо тарих нь хүүхдийг багаас нь хөдөлмөрт сургана, эрүүл хүнсээр өөрийн аж ахуйгаас хэрэглээгээ хангаад явчихна.  Тэгэхээр хүлэмж хөтөлбөр энэ цаг үед ч, ирээдүйд ч үр өгөөжөө өгсөөр байх ажил гэж харж байгаа. Өнгөрсөн онд манай багийн 18 иргэн хүлэмж хөтөлбөрт хамрагдсан. Энэ жил хөтөлбөрт хамрагдах өрхийн тоо нэмэгдэнэ. 
-Багийн Засаг дарга улс төрийн албан тушаалтан байх нь зөв үү, төрийн албан хаагч байх нь зөв юм уу? Таны бодлыг сонирхоё. 
-Одоо бол багийн Засаг дарга  улс төрийн албан тушаалтан. Миний бодлоор багийн Засаг дарга бол төрийн захиргааны албан хаагч байх нь зүйтэй. Энэ талаар ажиллаж байхдаа саналаа удаа дараа  хэлж ирсэн дээ. Хойшид өөрчлөлт орох байх гэж бодож явдаг. Багийн засаг дарга иргэдийнхээ төлөө ажиллаад ажил нь гарт нь ороод ирэхээр л бүрэн эрхийн хугацаа нь 4 жил учраас  солигддог. Багийн Засаг дарга сонгуулийн ч, төрийн ч ажил хийдэг дээ. 
-Төрийн ажилд юу дутагдаад байна? 
-Монгол улс  мэдээллийн ил тод байдлаараа олон улсын хэмжээнд  дундаж л төвшинд байдаг юм байна. Төрийн мэдээлэл бүх төвшиндээ ил тод, ойлгомжтой, хүртээмжтэй байх шаардлагатай. Жирийн иргэн битгий хэл, сэтгүүлчид ч төрөөс мэдээлэл авах хэцүү гэдэг.  Мэдээллийн ил тод байдал үгүй болохоор л иргэд бухимдана, хардлага төрнө,  хэн нэгнээс бурууг хайна харилцааны үл ойлголцол үүсдэг. Сүүлийн жилүүдэд төрийн мэдээллийг ил тод болгох олон хууль эрх зүйн актууд гарч мөрдөгдөж байна. Нийтийн сонсголын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль гэх мэт. Гэсэн ч иргэд үнэн бодит мэдээлэл авч чадахгүй хэвээр байна. Төрийн байгууллагууд үйл ажиллагааныхаа мэдээллийг өөрийн цахим хуудсан дээрээ байрлуулснаар иргэдэд мэдээллээ ил тод хүргэж ажилласан гэхэд учир дутагдалтай шдээ. Яагаад гэвэл хүн бүр цахим хаяг ашиглаж хэрэгцээтэй мэдээллээ авч чадахгүй. Иргэн миний төлсөн татвар улс, орон нутагт юу хийхэд зориулагдаж байгаа юм, төрийн зээл, тусламж, тендер, бараа үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаа хэрхэн явагдаж хэн ямар ажил хийж гүйцэтгэсэн юм, амьдарч буй баг, сум, дүүрэгт иргэн, өрхийг дэмжсэн ямар бодлого хэрэгжиж байна, ямар ажлын байр хаана байна гэх наад захын мэдээллийг  ойлгомжтой хялбарханаар бэлтгэж бүх сувгаар иргэдэд хүргэж ажиллах шаардлагатай байсаар байна. Нөгөөтэйгүүр иргэдийн оролцоо муу байна гэдэг. Мэдээлэлгүй иргэд оролцоогоо хангаж чадахгүй ш д. Бид зөв нийгмийг хүсэж байгаа бол эхлээд иргэдээ мэдээллээр усал. Төсвийн задаргаа мэдээллийг зөвхөн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид хардаг биш, иргэдтэйгээ хамтдаа хардаг байя. Аймгийн  хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс монгол улсын ил тод байдлыг хангах, төсвийг иргэдэд нээлттэй ойлгомжтойгоор хүргэх зорилгоор “Иргэдийн төсөв” эмхтгэлийг боловсруулж байгаа юм билээ. Үүнийг дэмжиж байна.  Энэ жишгээр бүх сумдууд төсвөө иргэдэд тайлагнаж хүргэх хэрэгтэй. Иргэд бүтээлчээр оролцож миний гаргасан төсвийн санал тусгагдсан байна уу гэдгийг харах, хяналт тавих боломжтой болно.  Ингэвэл хүн бүрийн оролцоо хангадана гэж  би хардаг.   
-Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэдэн хувь байвэл зүгээр вэ? 
-Иргэд өөрийн төлөөллөөрөө уламжлан орон нутгийнхаа шийдвэр гаргах үйл явцад  оролцох эрхтэй.  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид иргэдийнхээ санал хүсэлтийг бодит ажил болгох, нутаг дэвгэрийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулах, хүний хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд тавьж олон асуудлыг хэлэлцэн баталдаг. Миний хувьд шийдвэр гаргах төвшинд  жендерийн харилцаа тэнцүү байх нь зүйд нийцнэ гэж үздэг. Одоо аймгийн ИТХ-ын 37 төлөөлөгчийн 5 нь эмэгтэй.  Энэ бол чамлалттай тоо. 
-Одоогийн бүрэлдсэн аймгийн ИТХ хэр чадамжтай хурал вэ? Сөрөг хүчний зүгээс хурлыг асуудалд голчтой ханддаггүй, ул суурьгүй, судалгаагүй, хүч түрж шийдвэр гаргадаг гэдэг? 
-2020 оны Орон нутгийн сонгуулиар бүрдсэн аймгийн ИТХ-д анх удаа болон олон удаа сонгогдсон, төр, хувийн хэвшил, улс төрийн туршлагатай төлөөлөгчид бий. Би чадамжгүй хурал гэж хардаггүй. Сонгуулийн үр дүнгээр олонх болсон нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг ардчиллын зарчим. Олонхоороо хүч түрж шийдвэр гаргалаа гэж мушгиж олон нийтэд буруу зөрүү ойлголт төрүүлэх нь улс төрийн л үзэгдэл. Төлөөлөгчдийн хувьд сонгууль дуусч сонгогдсон бол нам талцлаа болиод аймгийн нийт хүн амын эрх ашгийн төлөө дуугарч ажлаа л хийх хэрэгтэй. 
-Танай багт ажилгүй иргэд хэр их вэ? Яаж ажлын байрыг нэмэх вэ? 
-Хоёр гар, хөлс хүчээрээ мөнгө олж байгаа хүмүүст төрийн дэмжлэг үнэхээр хэрэгтэй байна. Халамжаар биш хөдөлмөрөөр хөгжлийг бүтээнэ. Монгол улсын Засгийн газрын “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд талоны бараа авдаг өрхийн тоо багасаж байгаа. Хүн хөдөлмөрлөнө гэдэг өөрийн амьдралыг авч явахаас гадна эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад гар бие оролцож байна гэсэн үг шдээ. Төрийн халамж яг хүртэх ёстой иргэддээ л очих ёстой. Бид ажлын байрыг нэмэхийн тулд зөвхөн дотоод биш, гаднын эх үүсвэрийг хайх хэрэгтэй. 
-Багтаа хийсэн томхон ажлуудаас дурьдах уу? 
-Манай багийн иргэдийн тулгамдсан асуудлын нэг өрхийн эмнэлэг хол, эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байсан. Аймгийн 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар багийн нутаг дэвсгэр дээр 2,3 баг өрхийн эмнэлэгтэй болсон. Хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт борооны дараа хөрсөнд нь ус ихээр тогтож, айлуудын хашаа үерт автдаг. Хэрлэнгийн хэсэгт үерийн шуудуй татаж тогтдог усыг зайлуулах ажил хийгдсэн. Хан-Уул бага сургууль доторх ариун цэврийн байгууламжийг засварлах, нэмэх асуудлыг шийдвэрлүүлсэн.  Модон гүүр хүртэлх  гэрэлтүүлэг хийгдлээ. Цаашид хийх ажил их байна. Аймаг, орон нутгийн 2023 оны төсвөөр шинэ өрхийн эмнэлэг  эхоны болон зүрхний бичлэгийн аппарат, бусад тоног төхөөрөмжөөр хангагдана. Хан-Уул цогцолбор сургуулийн спорт заалны шал шинэчлэгдэнэ. Хоёрдугаар цэцэрлэгийн дотор талын сантехникт бүрэн засвар хийгдэнэ. Хүлэмж төсөл хэрэгжинэ. Төлөөлөгчийн хувьд аймгийн хэмжээнд хэрэгжихээр багцаар батлагдсан төсөл хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлэхэд багийнхаа иргэд өрхийг хамруулж ажиллана. Эцэст нь хэлэхэд аймаг сумын төсөв, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд иргэд хяналтаа тавьж оролцох нь чухал. Цаашид иргэд нэгдэн нийлж сайн дурын хяналтын бүлэг байгуулж санаачлагтай ажиллабал иргэдийн бүтээлч оролцоо хангагдана.   
-Ярилцсанд баярлалаа.  Ажилд нь амжилт хүсье.

Б.ОДМАА
 

  • Туяа
  • 198
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313