БУРУУД НҮД ХУРЦ, ЗӨВД НЭГДЭЖ ЧАДДАГ БАЙМААР БАЙНА

2022 оны 11-р сарын 30 өдөр

Аймгийн МАН-ын дэд дарга: Цолмонгийн СҮХБААТАР

Сонгуульд ялалт байгуулсан бол шагнуулж, ялагдсан бол хариуцлага хүлээдэг дүрэм улс төрийн намуудад үйлчилдэг. Өнөөдөр бидний ярилцсан 37:1 булангийн зочин аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Ц.Сүхбаатар. 
Түүний тухайд товчхондоо 2018 оноос аймгийн намын дэд даргаар ажиллаж буй. Тэрээр орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн бүх шатны сонгуулиар Ардын намын арын фронтод зүтгэсэн ч албан тушаал горилоогүй нэгэн.  Сүхбаатарыг аймгийн намын хорооны дэд дарга гэхээс илүүтэй хотын хурлын төлөөлөгч байхдаа “хогны” даргаар хоёр жил ажилласныг нь хүмүүс мэдэх байх.


-Аймгийн намын хорооны дэд даргын өдөр тутмын ажлын үндсэн чиг үүрэг нь юу вэ? 
-Намын хорооны дэд дарга гэдэг намын “гал тогоо”-г л авч яваа хүн гэж ярьдаг л даа. Улс төрийн намын гол зорилго сонгуульд оролцох. Нам мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд оролцоно, ялалт байгуулж гэмээнэ төрийн бодлогыг хэрэгжүүлнэ. Намын анхан, дунд шатны байгууллагын бүтэц бүрэлдэхүүн энэ том зорилгын ардах хүч нь. Тийм болохоор намын анхан болон дунд шатны байгууллагын үүрэг хариуцлага их гэж би ойлгодог. Сонгуулийн бусад цаг үед намын өдөр тутмын ажил гэхээр гишүүд дэмжигчдээ мэдээллээр хангах, сургах идэвхжүүлэх, намын дээд шатны бодлого шийдвэрүүдийг анхан шатандаа хүргэх гээд тоочоод байвал олон ажил байна. Сонгуулийн үед намын үйл ажиллагаа эрчимжих нь мэдээж. МАН бол сонгуулиас бусад цаг үед үүдээ хаагаад алга болдог нам биш. Намын гишүүд дэмжигчид рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт бид аймгийн намын хорооноос сонгогдсон намын Бага хурлын гишүүдтэйгээ сумдад ажиллалаа. Дөрвөн жилд нэг удаа МАН-ын их хурал болдог. Өнгөрсөн онд болсон ээлжит 30-р их хурлаас гарсан шийдвэр, 2020 оны сонгуулиас хойш хийж хэрэгжүүлсэн ажил, өнөөгийн нөхцөл байдал, цаашид улс орны эдийн засгийг сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг иргэд, намын гишүүддээ танилцуулж ажиллаж байна. 
-Таны албан өрөөний цонхоор амьдрал ямар харагдаж байх юм бэ?
-Бүх юм болж бүтэж байна гэж хэлэхгүй ээ. Үнэндээ энэ хэлж яриад байгаа биднээс хамаараагүй цар тахал, Орос Украйны асуудал гээд манай улс бүү хэл дэлхий нийтэд сөрөг нөлөө үзүүлж, хүндрэл үүсч байгаа нь бодит асуудал шүү дээ. Би өөрөө ч энэ нийгэмд амьдарч яваа жирийн нэгэн иргэн. Миний амьдралд ч үнийн өсөлт нөлөөлж л байна. Гэхдээ болж бүтэж байгаа нь ч байна. Болохгүйгээс болгох хүртэл нь  зүтгэж яваа олон хүн байна. Харамсалтай нь нийгэмд бүхнийг харлуулж, үгүйсгэх болж. Бүхий л зүйлд ямар нэгэн өө өөнтөг, буруутан хайгаад байх шиг. Нөгөө талаасаа хийж хэрэгжүүлж буй ажлаа иргэддээ зөв ойлгуулж тайлбарлан таниулах ажил сул байна уу даа. Асуудлынхаа дунд нь орж үзэх хэрэгтэй. Тухайлбал, би залууст сонирхож байвал улс төрд ор гэж хэлдэг. Өөрсдөө хийж үз. Чөлөөтэй ш дээ. Орон нутгийнхаа хөгжилд гар бие, сэтгэлээрээ оролцох хэрэгтэй. Хэлэх, хийх гэдэг тэнгэр, газар шиг ялгаатай. Заримдаа мэдээлэл дутуу, эсвэл буруу  зөрүү ойлгосноос болж хүмүүс их бухимдаж харагддаг. Өнөөдөр орон нутгийн түвшинд төр засгийн хийж хэрэгжүүлж байгаа аливаа ажлын талаар хэн нэгэн сонирхоод үнэхээр судлаад үзье гэвэл ихэнх зүйл интернет ухаад, утасдаад, бүр уулзаад асуусан ч нээлттэй ил тод. 
-Манай аймгийн хувьд байдал ямар байна вэ?
-Төсвийн хувьд гэхэд цар тахал бусад  хүчин зүйлтэй холбоотой зарим орлого багассан тал байгаа л юм билээ. Гэхдээ энэ жил төсвөө бүрдүүлж чадсан гэж ойлгосон. Улсын хэмжээнд бие даагаад төсвөө бүрдүүлдэг зургаахан аймгийн нэг нь манайх шүү дээ. Энэ нь манай аймгийн баялаг бүтээгчид, удирдаж төлөвлөж буй удирдлага, төрийн албан хаагчдын олон жилийн хөдөлмөр зүтгэл гэж боддог. Дорнод аймагт газар нутгийн байрлал, эдийн засгийн боломж гээд давуу тал олон. Цаашид хөгжлийн бодлогоо тогтвортой бариад явбал манай аймагт хөгжих боломж улам л нэмэгдэнэ. Аймгийн түвшиндээ “Дорнод сэргэн мандалт”, Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” гээд хөгжлийн баримт бичгүүд гарсан. 
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг  олон нийт сонирхож байна. Энэ улс орныг сэвхийтэл өргөх төлөвлөлтийг хүлээж байна шүү дээ? 
-Шинэ сэргэлтийн бодлогоор зургаан асуудлыг танилцуулсан. Боомтын сэргэлт, аж үйлдвэржилтийн, эрчим хүчний, ногоон хөгжлийн, төрийн бүтээмжийн, хот хөдөөгийн сэргэлт гээд манай улсын зангилаа асуудлууд багтсан. Өөрөөр хэлбэл бид хөгжилд саад болж буй зургаан асуудлаа гаргаж ирж тодорхойлоод түүнийгээ шийдвэрлэхээр зорьж буй хэрэг. Манай аймаг газрын тав, агаарын хилийн нэг боомттой. Гэтэл өнөөдрийн байдлаар боомтууд хаалттай, манай аймагт ядаж ачаа эргэлт асар холоос олон шат дамжлагатай. Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжиж нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдсэнээр Дорнод нутагт эдийн засгийн асар их өсөлт бий болно.  Цаашлаад Эрчим хүчний сэргэлтийн бодлогод гэхэд  л манай аймгийн ДЦС-ын 50 мВт-ын өргөтгөл яг нэрээрээ тусгагдсан байгаа. Баруун аймгууд өндөр үнэтэй эрчим хүч ОХУ-аас авч байна. Ковидын үед эрчим хүчний үнийг төр дааснаар  эрчим хүчний хэрэглээ гэнэт ихэссэн. Тэр үед ОХУ манайд хүссэн хэмжээний эрчим хүч нийлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч манай улсад тэг зогсох аюул тулж байсан шүү дээ. Тэгэхээр эрчим хүчний сэргэлтийн бодлого ганц манай цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэхээс илүү өргөн утгаараа маш чухал асуудал юм. За тэгээд, Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого байна. Энэ бодлогын эхлэл болгож аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор болж байна. Хотын төвлөрлийг хязгаарлах, хөдөөг эзэнтэй байлгахад чиглэсэн олон ажил хийгдэх юм билээ. “Шинэ сэргэлтийн бодлого” нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх,  халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж Монгол улсын Засгийн газраас үзэж байна. Монгол улсын Засгийн газраас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн ойрын хугацаанд яаралтай үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай эхний хэсэг нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм. Энэ том бодлогын хүрээнд манай аймаг ч үр ашгийг нь хүртэх болно.
-Дараагийн сонгууль болоход хоёр жил хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдлээ. Эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг асуумаар байна. Орон нутагт дэвшүүлсэн танай намын мөрийн хөтөлбөр хэдэн хувийн биелэлттэй явна? 
-Орон нутагт ялсан намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр тэр чигтээ аймгийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөр болж хэрэгждэг гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, хорио цээрийн улмаас манай аймагт ч ялгаагүй нөлөөлж хүндрэл үүссэн. Гэсэн ч энэ оны 11 сарын байдлаар намын мөрийн хөтөлбөр 70 хувийн биелэлттэй гэсэн дүн мэдээ гарсан байна. Энэ нь аймгийг удирдаж буй хүмүүсийн хувьд чамлахааргүй амжилт  биз дээ. 
-Манай булангийн тогтсон нэг асуулт байдаг. Сонгогдсон тойрогтоо юу хийж амжуулав?
-Манай Хэрлэн сумын 3-р багийн хувьд өмнөх жилүүдэд эхлүүлсэн нэг том ажил бол нийт 48 га талбайд шинээр 1800 айлын орон сууцны хотхон байгуулах төлөвлөлтийн дагуу дэд бүтцийн ажлууд хийгдээд явж байна. Өнгөрөгч 10-р сард 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийг ашиглалтад хүлээн авлаа. ЕБС-ийн барилгын ажил удаашралтай явж байна. Энэ 1800 айлын том бүтээн байгуулалт нь ганц 3-р багийн ч ажил биш, манай намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн томоохон ажлуудын нэг юм. Сонгуулийн үед иргэд сонгогчдын маань бас нэг хэлж захиж байсан асуудал болох Өрхийн эмнэлгийн барилга энэ онд ашиглалтад орлоо. Мөн хүүхдийн цэцэрлэгийн барилгын засвар, Ламжавын гудамжны автозамын засвар, цахилгааны дэд станц, гэрэлтүүлэг, камержуулалт хийгдэж, “Хүлэмж” төсөл хэрэгжиж, музейн шинэ барилга баригдаж байна. Ажил үндсэндээ явж л байна. 2022 оны тухайд аймгийн төвийн ундны усны шугам сүлжээг шинэчлэх ажилд аймгийн төсөв голлон чиглэгдэж үндсэндээ тойргийн шинж чанартай зарим ажил хийгдээгүй. Ирэх онд төлөвлөсөн ажлууд бий. 
-Зэвтэй усны асуудал нэг хэсэг өндрөө авч дээр доргүй бужигнасан. Өнөө хэр сайтар цэвэршээгүй байх шиг? 
-Энэ ажил өөрөө маш өндөр өртөг зардалтай ажил. Гэлээ гэхдээ шийдэх л ёстой асуудал. 2020 онд Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооноос Орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт “Чойбалсан хотын ундны усны эх үүсвэрийн цуглуулах шугамыг шинэчилж хотын ундны усны найдвартай байдлыг хангана” гэж тусгагдсан. Аймгийн төсвөөс энэ  онд боломжоороо 8 орчим тэрбум төгрөг зарцуулж салбар шугамуудаа шинэчилж байна. Бас төв магистраль шугамын асуудал бий. Энэ ажилд нийтдээ 30 гаруй тэрбумын санхүүжилт шаардлагатай. Нэмэлт эх үүсвэрүүдээс хөрөнгө оруулалтыг шийдэж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах асуудлыг үндсээр нь шийдэх учиртай. Ер нь бид хотынхоо зам, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг шинэчлэхээс гадна өргөтгөх, хотоо тэлэх шаардлагатай. Жишээ нь гуравдугаар баг руу шинэ зам тавьж, инженерийн шугам татсанаар хойд гол зам дагуух айлууд төв шугаманд холбогдох боломжтой болж байна. Газар, байршлын үнэ цэнэ нь тэр хэрээр өсч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж бүрдэхээс эхлээд олон давуу талтай. 
-Үеийн үед шүүмжлэл дагуулдаг нэг асуудал бол яах аргагүй аймгийн төвийн автозамын асуудал. Жилийн жилд хөрөнгө зарж хийдэг ч тэр нь олон сар, жилийн насгүй,  зүгээр л мөнгө угаалт болоод өнгөрдөг? 
-Аймгийн төсөв гэдэг хэмжээ хязгаартай. Нэн тулгамдсанаас нь эхлээд иргэдийн эрэмбэлсэн дарааллаар боломжит хэмжээнд ажлуудаа тусгах шаардлага үүсдэг. Аймгийн төсвийг тойргийн шинж чанартай хэт олон жижиг ажлуудад хуваахаас илүүтэй нийтээрээ үр ашгийг нь хүртэх томоохон бүтээн байгуулалтаа гол цөм болгож шийдээд явбал зүйтэй санагддаг. Мэдээж, сум, багт нэн шаардлагатай ажлуудыг хийлгүй л яахав. Гэхдээ дээр ярьсан ундны цэвэр усны асуудал мэтийн ажлууд өртөг зардал өндөртэй ч хэд хуваагаад ч болов шийдээд явахаас өөр арга зам байхгүй. Үүнтэй адил бас нэг анхаарал татсан ажил бол аймгийн төвийн автозамын асуудал. Мөн л манай намын 2020 оны Орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Чойбалсан хотын автозамын шинэчлэл, шинээр нэмж зам тавих гэдгээр тусгагдсан. 2022 онд хийх байсан зарим замын ажлууд хойшлогдсон. 2023 онд аймгийн төвийн автозамын орц гарц, зам засварлах, шинэчлэх, өргөтгөхөд аймаг анхаарал хандуулж ажиллана. Ирэх онд аймгийн төвийн автозамын ажлууд нэлээд түлхүү хийгдэх байх. 
-Засаг барьж байгаа нам бол илүү эрх мэдэлтэй. Тиймдээ ч МАН-аас сонгогдсон төлөөлөгч тендер, төсөл хөтөлбөрт нэр холбогдох нь бий. Нам ийм төлөөлөгчиддөө ёс зүйн ямар шаардлага тавьдаг юм бэ?
-Монголчууд ардчилсан сонгуулиар төр засгаа сонгож бүрдүүлдэг. Хүн төрөлхтний төр засгаа бүрдүүлдэг нэг арга нь  төлөөллийн ардчиллын арга. Ийм тогтолцооны хувьд улс төрийн нам үйл ажиллагаа явуулж сонгуульд  оролцох нь нэг тал. Төлөөлөгч байна гэдэг дарга болсон гэсэн үг биш. Төлөөлөгчийн байр сууринаас хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг нам хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч намын нэрээр сонгогдсон бол намын бүлэгт харьяалагдаж, намын дүрэмд захирагдана. Манай намын дүрмэнд авлига, албан тушаалын гэмт хэрэг зөрчилд намын гишүүн холбогдсон бол намаас түдгэлзүүлнэ. Хуулийн байгууллага буруутайг нь тогтоовол намаас гарсанд тооцно гээд тодорхой заасан байдаг. Түүнээс бусдаар хэн нэгэн хуулийн хүрээнд ямар нэг ажил хийх нь чөлөөтэй. 
-Бидний ярилцлага өндөрлөх тийшээ хандаж байна. Өөр нэмж хэлэх зүйл юу байна?
-Сүүлийн үед хөдөө орон нутагт төрд ажиллах хүн олдохгүй, боловсон хүчний асуудал хүндхэн байна. Төрийн ажлыг  хэн нэгэн хийж байж иргэддээ хүрч үйлчилнэ шүү дээ. Сумын тамгын газарт аль нэг мэргэжилтэн, эсвэл сумын эмч, багш байхгүй бол иргэдэд маань л хүндрэл үүснэ. Нөгөөтэйгүүр энэ нь төв рүү тэмүүлж төвлөрөл үүсэх нэг шалтгаан болж байна. Төрийн албан хаагчдын тухайд цалин бага, ажлын ачаалал өндөр, хэт өндөр шалгуур шаардлагатайн дээр захын хэн нэгэн төрийн албан хаагч руу дайрч давшилдаг, загнаж зандачдаг авир гаргах болсон нь төрд ажиллах хүмүүсийн урмыг мохоож байх шиг. Ийм байдалтай төрийн албанд ажилласнаас аль нэг уурхай бараадаад 14 хоногт илүү өндөр цалин авсан нь дээр гэж үзэх хүн олон болсон. Тэгэхээр жирийн төрийн албан хаагчдынхаа цалин хангамж, нийгмийн асуудалд төрийн зүгээс анхаарах цаг болжээ. Нөгөөтэйгүүр төрийн албанд сэтгэл гаргаж зүтгэх хүнгүй болох вий гэсэн болгоомжлол ч байна. Тэд үнэхээр алдаа дутагдал гаргасан бол хариуцлага хүлээлгэх нь зүйн  хэрэг. 
-Аймаг орон нутгийн зүгээс энэ тал дээр хийж хэрэгжүүлж буй ямар ажил байна?
-Мэдээж, аймаг орон нутгийн зүгээс энэ асуудал дээр анхаарч байгаа. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачлагаар “Нутгийн ирээдүй” төсөл 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ төслийн зорилго нь жил бүр сумдаас нэн шаардлагатай мэргэжлээр дээд боловсрол эзэмшихэд нь эргээд тухайн сумандаа ажиллах нөхцөлтөйгөөр сургалтын төлбөрийг нь шийддэг. Уг төсөлд хамрагдан эхнээсээ төгсөж ирээд сумандаа ажиллаж буй жишээ ч байна. Мөн дээр ярьсан Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогоор хэрэгжих орон нутгийн төрийн албан хаагчийг дэмжсэн ажлууд нь хөдөө сумдаа эзэнтэй байлгах, хөдөөгийн иргэддээ төрийн үйлчилгээг чанартай хүргэх, хөдөөгөө хөгжүүлэх л зорилготой юм. 
Эцэст нь хэлэхэд, бид үнэн худал нь мэдэгдэхгүй маш их мэдээллийн дунд амьдарч байна. Сүүлийн үед цахим сүлжээ ашигладаггүй хүн байхгүй болсон. Хүмүүс бид хувийн амьдралдаа ч, нийгмийн харилцаанд ч энэ олон мэдээ мэдээллийг жаахан шүүлтүүртэй хүлээж авч сурмаар байна. Бурууд нүд хурц байх нь зүйн хэрэг. Зөв зүйл дээр харин нэгдэж бас чаддаг баймаар байна. 
-Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. 

Б.ОДМАА

  • Туяа
  • 141
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313