Балжинням гуай, кино проектор хоёр

2022 оны 8-р сарын 19 өдөр

Шинэ барга баруун хошууны төв Алтан-эмээлд, үг дуу цөөнтэй жар гаран насны нэгэн ахмад, хөгшинтэйгөө хоёул цахилгаан машиндаа сууж, кино проектороо тээн талбайд очлоо. Тэд дэлгэцээ өлгөж, кино проектороо залгаж хошууныхаа иргэдэд кино сонирхуулахаар бэлтгэнэ.
— Кино гаргадаг өвөө ирчихэж, өнөө орой ямар кино гарах юм бол? гэж хүүхдүүд шулганана. Харин хөгшид, настнууд гарах киног таалцан, хүлээнэ.
Өвгөн, хөгшин хоёр өнөөдөр Дундадын үндэстний содон бүтээл "Мундаг даа, миний эх улс" баримтат киног дэлгэжээ. Үзэгчид шинэ цаг үеийн Дундад улсын хүчирхэгжил мандалыг харуулсан гоё кино шүү, амтархан үзье… хэмээн хоорондоо ярилцах нь сонсогдоно.
"Кино гаргагч" ахмадыг Балжинням гэдэг. 20-р зууны далаад оноос эхэлж кино гаргасан тэрбээр одоо "хуучны" хүн болчихжээ.
   1974 онд Төрийн явдлын хороо "Хөдөө орон нутгийн киноны багийнхныг хөгжүүлэх тухай мэдэгдэл" гаргаж, ардын нэгдэл бүрд кино гаргах баг байх гэсэн заалт батлажээ. Ийнхүү 1976 онд  Шинэ барга баруун хошууны хуучин Рашаан талбай тушаалын дагуу кино багийг байгуулж, Рашаан талбайд  ажиллаж байсан 20 настай Балжиннямыг Хуучин барга хошууны Онгон нэгдэлд кино гаргах сургалтанд нэг сар гаруй суралцуулахаар илгээв.
  "8.75 милиметрийн жижигхэн кино проектороос дэлгэцэнд гэрэл ойлгон, тусгал дотроос хүмүүс гарч ирэн ярьж, инээлдэж, дуулж, уйлж, бархирч, үсэрч харайж байлаа. Амьдралдаа анх удаа ийм юм харж байгаа ардууд айж, эмээж, нэг ёсондоо соёлын шоконд орсондоо хэмээн Балжинням гуай хуучлана. Кино проекторт гар хүрэхээсээ хүртэл зүрхшээш байсан Балжинням удалгүй дасаж, хичээнгүйлэн суралцан Рашаан талбайдаа буцаж ирсэн гэдэг.
   Балжинням анх кино гаргахдаа их сандарч, түгшиж байсан гэх. Тухайн үед хөдөө орон нутагт цахилгаангүй, радио телевизор мэдэхгүй, хөдөөгийн амьдрал нэг хэвийн, үдэш лааны бүлтийх гэрлээс өөр юу ч үгүй байсан болохоор Рашаан талбайн төвд кино гаргана гэсэн сургаар кино гэгч нь юу болохыг үзэхээр өнцөг, булан бүрээс дөрөв таван зуун хүн цугларчээ. Балжинням ийм олон хүн ирнэ гэж бодоогүй учир улам түгшив. Гэвч мэргэжлээ сайн сурсан тэрээр киногоо амжилттай гаргаж, энэ үеэс эхлэн кино проектороо үүрээд морин тэргээр наранд халж, салхинд гуядуулж, бороо шуурганд ч эзгүй хээр, ээрэм талыг туулан хөдөөний олон түмэнд Дундадын үндэстний содон кино уран бүтээлийг сонирхуулж, иргэдийн амьдралд баяр баясгалан бэлэглэж, оюун санаа, соёл иргэншлийн дэвшилд өөрийн хувь нэмрээ үзүүлж явсан юм. 
   Тэрээр бригад болгоноор явж киногоо гаргаж, заримдаа хилийн зурвас, малчдын нүүдэл дагаж хил хязгаарт ч очидог байж гэнэ. Баяр ёслол, амралт, малчдын отор, ургац тариа, өвс хадах, ид ажил өрнөж байх үед тэр хөдөө орон нутгаар киногоо гарган хүмүүсийн ядаргаа чилээг тайлж өгөх болжээ.
    Малчид морин тэрэгтэй ирж яваа Балжиннямыг хараад л танина.
   — Тэр хараа, манай Балжинням ирж явна. Өнөө орой ч гоё кино үзэхнээ гэж малгай, алчуураараа даллана.
   — Энэ орой манайд очъё, манай монгол гэр том, олон хүн сууж кино үзэхэд багтна, мах чанаж өгье гэнэ.
   —Үгүй, үгүй, манайд очъё гэсээр малчид Балжиннямыг булаацалдна...... 
   Хүүхдүүд морин тэргийг нь тосоод гүйлдэх битгий хэл, томчуул ч түүний ирснийг хараад хөл газар хүрэхгүй баярлаж цагаан сар болсон мэт л догдлон хөөрөлдөж, түүнийг ирэхийг  хүсэн хүлээх болжээ. 
  Балжинням кино болгоныг сайн, чанартай гаргахыг чармайна. Удсан киноны хальс амархан тасарчихдаг тул тэр кино проектороосоо хэзээ ч салдаггүй. Зарим үед киноны хальс нь тасарвал, үзэгчид сандран "Түргэл!","Урам хугаллаа" гэж шуугилдана. Энэ үед намуухан зантай Балжинням "Ард түмний хэрэгцээ бол миний хамгийн том урам зориг мөн" гэх үзлээр хурдхан засаж, киногоо үргэлжлүүлэхээр чармайдаг байлаа. 
   1983 онд хуучин унаа болон кино проектор нь 12 мориний хүчтэй трактор болон 16 милиметрийн шинэ кино проектороор солигдож, энэ кино проектор нь Балжинням гуайг 2011 он болтол дагаж, түүнтэй хамт тэтгэвэрт гарчээ. Гэвч хүмүүс: "Балжинням гуай киногоо саначихлаа. Та киногоо гаргаач" гэж гуйж ирвэл тэр хэзээ ч татгалзахгүйгээр кино проектороо аваад байгаа газар нь яваад л очидог.
   "Та ганцхан ажлыг яаж ийм олон жил хийж чадсан юм бэ?" хэмээн Балжинням гуайгаас асуухад, тэрбээр "Юу л байхав дээ, энэ ажилдаа би их хайртай болчихсон болохоор хаяж түвдэхгүй юмаа. Ийм нэг мэргэжил эзэмшсэн л юм чинь чадал тэнхээ минь байж л байвал, сонин, содон кино гаргаж, олон түмэнд Дундадын соёлын охь шимийг хүртээж, оюун санааг нь, чөлөөт цагийг нь аз жаргалаар дүүргэж, олон түмэнд үйлчилье гэж бодож байна” гэсэн юм.
   Балжинням гуай 20-р зууны далаад оноос эдүүгээ болтол арван мянга шахам кино гаргаж арван мянга гаруй удаа олон түмэнд үйлчилжээ.Түүний гэрт хэдийгээр он жилийн урсгалд хуучирсан ч хэвийн янзаараа байгаа кино проектор болон төмөр хайрцаг нь хуучирч зэвэрсэн ч торохгүй гардаг филмийг нандигнан хадгалж байгааг харахад энэ хүн насаараа хийсэн ажилдаа хичнээн хайртай, дуртай гэдэг нь илхэн харагдана.
   Тэтгэвэрт гарсан Балжинням гуай ач хүүгээ харж, ханьтайгаа хоёулаа насныхаа жаргалыг эдлэн сууж болох л байсан. Гэвч тэрбээр 2018 оны зунаас дахин хошууныхаа кино гаргах ажлыг дааж аваад өнөөдөр болтол ажилласаар явна.
  Өнөөдрийн кино дуусав. Балжинням настан проектороо хураагаад гэрлүүгээ буцлаа. Эх улсынхаа хөгжил, хүчирхэгжилийг харсан бүхний дотор омогшил, бахдал оргилом догдолж байлаа.
   
 Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа 

  • Туяа
  • 261
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313